Төслийн хүрээнд үйлдвэрлэгч бүлгүүдийн ажиллах орчин сайжирч байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-10-29 17:33:07

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн 12 суманд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 22 бүлэгт 102 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулан өгчээ.

Өнөөдрийн байдлаар арьс шир, нэхий, сүү цагаан идээ боловсруулах, газар тариалан, оёдол зэрэг 59 бүлэг 12 суманд амжилттай ажиллаж байна. Энэ жил 55 бүлгийг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаад байна. Үйлдвэрлэгч бүлгүүдээ тоног төхөөрөмжөөр хангахаас гадна орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд борлуулах, сум бүртээ брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилгоор “Z-24” төслийг хэрэгжүүлж байгаа.

Тус аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих томоохон зорилт дэвшүүлснээр үйлдвэрлэгч бүлгүүдийг байгуулж, сургалтуудад хамруулсны дараа тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалт хараад суух  бус дэлхийн зах зээлээс хөрөнгө босгож, ард иргэдээ ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Тухайлбал, Европын холбоо, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь”  төслийг 2018 оноос орон нутагтаа хэрэгжүүлж буй нь дээрх үр дүнг авчраад буй юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй жижиг үйлдвэр байгуулж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн дөрөв дахин нэмэгджээ. Боловсруулах салбарын үйлдвэрлэл гурав дахин өссөн байна. Шинээр 4000 орчим ажлын байр бий болж, ядуурлын түвшин 2016 оноос 45.8 хувиар буурсан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ