Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасгийг тохижуулж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-10 18:44:45

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлгийн анхны физик эмчилгээний эмч С.Цэрэнгүндэгмаагийн нэрэмжит тасаг нээлтээ хийжээ.

Сэргээн засах үйл ажиллагаа нь сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа анагаах ухаан юм. Харин манай оронд тийм ч сайн хөгжөөгүй, бусад улс оронд өндөр түвшинд хөгжсөн байдаг. Уг эмчилгээ нь бүхий өвчний эмчилгээтэй хавсарч дараа нь хийгддэг онцлогтой.

Манай аймагт анх удаа сэргээн засах үйлчилгээг төрөлжүүлж тасаг болгон энэ оны нэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгвэл энэхүү тасгийг Завханы анхны физик эмчилгээний эмчийн нэрэмжит болгож үр хүүхдүүд нь тасгийг тохижуулж өглөө.  

Шинээр нээгдсэн тасгийн харвалтын дараах сэргээн засах эмчилгээний өрөө, хөдөлгөөнт заслын эмчилгээний өрөө зэргийг бүрэн тохижуулж өглөө. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж аппаратуудын хангалтад хөрөнгө оруулалт хийлээ. Цаашид тасгийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа нээлтийн үеэр түүний үр хүүхдүүд илэрхийлсэн юм. Манай тасаг нь 11 хүний бие бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн Өнөөдрийн байдлаар хөгжлийн хоцрогдол болон хөгжлийн бэрхшээлтэй, сэргээн засах, уламжлалт эмчилгээ шаардлагатай 330 гаруй өвчтөнийг хэвтүүлэн эмчилсэн байна. Тасгийн эмчилгээний чанар хүртээмж сайн байгаа гэж Сэргээн засах уламжлалт эмчилгээний эмч Ц.Чимэдцогзол мэдээлэв. 

Холбоотой мэдээ