Дорноговийн хүүхдүүд Японд сурах тэмүүлэл дүүрэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймаг Японы Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоогоод таван жил болжээ. Энэ хугацаанд 200 гаруй хүүхэд Японд сурагч солилцоогоор аяласны нэг нь Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн 12 а ангийн сурагч Б.Саранчимэг.
Тэрээр сүүлийн гурван жил япон хэл сурч байгаа бөгөөд шалгалт өгч, N5 буюу анхан шатны мэдлэг эзэмшин түрүү жил сурагч солилцооны хөтөлбөрийн дагуу Япон орноор аялажээ. Азийн хөгжилтэй оронд зорчиж харь орны хэл соёл, зан заншил, хүмүүсийн амьдралтай танилцаж явахдаа арлын энэ улсад их сургуульд сурах гэгээн мөрөөдөл тээж иржээ.
Аймгийнхаа мэдээлэл зүйн олимпиадад хоёр жил аваргалсан нь комьпютер программ хангамжийн мэргэжлээр их сургуульд сурах эхний зорилго болсон төдийгүй япон хэл сурснаар арлын оронд сурах хүсэл эрмэлзлийг бадраасан тухай тэрээр ярив.
Одоо тэр Японд сурахаар сонголтоо хийж ирээдүйнхээ төлөө шамдан хөдөлмөрлөж байна. Түүний ангийнхны ихэнх нь япон хэлний анхан шатны мэдлэгтэй бөгөөд арлын орны хэлийг сайн эзэмшиж Японд сурах сонирхолтой байгаа гэнэ. Харин дүрмийн хувьд монгол хэлтэй төстэй байдаг учир сурахад дөхөм аж.
Х.Эрдэнэбулган