ДОРНОГОВЬ: “Хутагтын хурд” хурдан морины уралдаан Сайншанд суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-23 14:43:01

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Хутагтын хурд” Морин спорт, уяачдын холбооноос аймгийн ЗДТГ болон Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлтэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Хутагтын хурд” хаврын бүсийн хурдан морины уралдааныг тавдугаар сарын 1-нд Сайншанд суманд зохион байгуулна.


Уралдаанд их нас, соёолон, хязаалан, сонгомол дээд насны морьд уралдах бөгөөд унаач хүүхдүүдийн өвдгөвч, тохойвч, цээживч зэрэг хамгаалалтын хэрэгслийг бүрэн хангасан эсэхийг сайтар хянаж, аюулгүй байдлын шаардлага хангасан хүүхдийг уралдааны замд гаргах юм.


Мөн мал эмнэлэг, хүн эмнэлэг, цагдаа, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага болон морины даамлууд хурдан морьдын уралдааны явцад хяналт тавьж ажиллах юм. Хаврын морин уралдаанд Дорноговь аймгаас гадна бусад аймаг, сумдын уяачид унаач хүүхдүүд болон хурдан морьдын хамт ирж оролцох эрх нээлттэй байна.


Ташрамд, Дорноговь аймгийн “Хутагтын хурд” Морин спорт уяачдын холбоо нь “Хутагтын хурд” хаврын хурдан морины уралдааныг 2007 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд олон аймаг, сумын уяачид морьдоо уяж оролцдог томоохон уралдааны нэг болон өргөжсөн байна. 


Холбоотой мэдээ