ДОРНОГОВЬ: Хамарын хийдийг зорих аялагчдын урсгал нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-20 16:45:13

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс болох Хамарын хийдийн орчимд аялагчдын урсгал нэмэгдэж байна.


Говь нутагт хавар, зуны улиралд аялагчдын урсгал нэмэгддэг бөгөөд энэ үеэр тэд Хамарын хийдэд очиж ном хуруулан, хүслийг гүйцээгч Ханбаянзүрх хайрханд гарч тухайн жилийн ажил үйлсээ даатгадаг байна. Мөн Шамбалын орон энергийн төвд саатан, сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг юм.


Шамбалын орон нь оюуны орон бөгөөд зөвхөн сүнс болон оюун санаагаараа хүрч болох Бурхны орон хэмээх утгыг илэрхийлдэг. Харин Ханбаянзүрх хайрханд говийн II ноён хутагтын сүнс шингэсэн гэж нутгийн иргэд үздэг бөгөөд хүслээ шивнэн даатгадаг, хүслийг биелүүлэгч хайрхан хэмээн хүндэтгэдэг. Түүнийг хар уул, шарилын уул гэх мэтээр нэрлэдэг бөгөөд оройд нь байрлах овоог эртнээс нааш аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэн тахиж иржээ.


Хамарын хийдийн бүс нутагт жилд 90-100 мянган жуулчин ирдэг бөгөөд тэдний ихэнх нь дотоодын аялагчид байдаг. Мөн гэрэл зурагчид, шашны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид зэрэг тусгай сонирхлын аялагчид ирж, говь нутгийн үзэсгэлэнт байгаль, элсэн манхан, зэрлэг амьтан, ургамал болон соёлын олон талт үйл ажиллагаатай танилцдаг байна.


Хамарын хийдэд байрлах Өвгөн суваргыг 1823 онд Ноён хутагт Монгол төрийг мандан бадруулах, ард түмнийг өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй, амар амгалан байлгах ерөөлөөр бүтээн байгуулсан боловч 1937 онд буулгасан байна. Иймээс Монголын хамгийн том суваргад тооцогдох энэхүү байгууламжийг дахин сэргээн босгож, 2011 онд нээлтээ хийсэн юм.



Холбоотой мэдээ