Улиастай суманд хөршийн холбоо сэргэж бүтээн байгуулалт өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-11 15:30:55

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт “Эко Завхан” аяны хүрээнд айл хөршөөрөө нийлж гадна талбайгаа тохижуулах ажил ид өрнөж байна.

Энэ жилээс тус аяны удирдамж шинэчлэгдэж “Эх дэлхийдээ ээлтэй өрх”, “Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо”, “Эх дэлхийдээ ээлтэй сум”, “Эх дэлхийдээ  ээлтэй байгууллага”-уудыг шалгаруулахаар шийдвэрлэсэн ажээ.

“Эх дэлхийдээ ээлтэй өрх”, “Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо” шалгаруулах уралдааныг зөвхөн Улиастай сумын хэмжээнд зарласан байна. Айл өрхүүд эх дэлхийдээ ээлтэй байх хөршийн холбоогоо сэргээж, өнөөдрийн байдлаар таван багийн 60 гаруй өрх гадна талбайгаа тохижуулж буй мэдээллээ цахим орчинд хуваалцжээ.

Тухайлбал нийтийн орон сууцны “Элит” байрныхан гэхэд гадна талбайгаа тохижуулж хүүхдийн тоглоомын талбайг өөрсдөө санаачлан хөрөнгө гарган тохижуулжээ. Харин бусад нийтийн орон сууцны айл хөршүүд нийлж өөрсдийн хөрөнгөөр хүүхдийн тоглоомын талбай шинээр хийх, ногоон байгууламж мод суулгах, орцоо тохижуулах зэрэг ажлыг хийж эхэлжээ. Харин гэр хорооллын өрхүүд зэргэлдээ айл хөршөөрөө нийлж гадна талбайгаа цэвэрлэх, хогийн сав байрлуулах, хашаагаа дагуулж мод суулгах, ижил өнгөөр хашаагаа будаж сэргээх, ахмад настан, хүүхдийн тухлах сандал хийж байршуулах гэхчлэн тохижуулж эхэлжээ. Айл хөршүүд өөрсдийн бүтээн байгуулалтын ажлыг баримтжуулан гэрэл зураг авч, тохижилтынхоо явцын мэдээллийг аймгийн фэйсбүүкийн нэгдсэн группт нийтэлж тайлангаа шалгаруулах комисст хүргүүлэх юм байна.


Аянд амжилттай оролцсон өрх, байгууллага бүр мөнгөн шагналтай

“Эх дэлхийдээ ээлтэй сум”, “Эх дэлхийдээ  ээлтэй байгууллага”-ыг шалгаруулах уралдааныг 24 сумын хэмжээнд зохион байгуулж буй юм. Ийнхүү тус аймаг “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан” аяныг дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Энэ аяны хүрээнд аймгийн хэмжээнд орчны бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд ард иргэд, албан байгууллагууд, сумдыг  татан оролцуулж, урамшуулж байгаа билээ.

Аяныг хагас, бүтэн жилээр буюу 2020 оны долоодугаар сар, 2021 оны нэгдүгээр сард тус бүр хоёр удаа дүгнэж, шилдгүүдийг шагнаж урамшуулах юм. Уралдааныг дүгнэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, болзолт уралдаанд идэвх санаачилгатай оролцсон иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сумдыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэнэ. Номинаци тус бүрийн тэргүүн байрт нэг сая төгрөг, дэд байрт 800 мянган төгрөг, гуравдугаар байрт 500 мянган төгрөгийн урамшуулал олгох юм хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ