Төрийн албан хаагчдыг чадваржуулах сургалтад 200 гаруй хүн хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-12 13:56:44

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зургаадугаар сарын 11,12-нд Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсэг төрийн албаны шинэчлэлийн хүрээнд Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нарыг чадваржуулах сургалт  зохион байгууллаа.

Иргэдийн сэтгэл ханамжийн түвшнээс төрийн ажлын чанар тодорхойлогдоно. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бол Ховд аймаг "Соёлтой төрийн үйлчилгээ-Авлига хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлэн “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” батлан хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улмаар эерэг үр дүн гаргах, орон нутгийн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг өргөжүүлэх, сайжруулахад энэ удаагийн сургалт чухал ач холбогдолтой гэж албаныхан хэллээ.

Ховд аймагт 5200 гаруй төрийн албан хаагч бий. Тэдгээрийн төлөөлөл болох 17 сумын төрийн захиргааны байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдээс бүрдсэн 200 гаруй хүн уг сургалтад оролцож, мэдлэг, арга зүй, ур чадвараа дээшлүүлэв.  

Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн ажлын тайланг танилцуулсан. Дараа нь төрийн албаны шинэчлэлийн бодлого, үзэл баримтлал, үндсэн зарчим, төрийн албаны тухай хуулийн үйлчлэх хүрээ, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга, зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт, маргаан хүлээн авч хянан шийдвэрлэх журам, анхаарах асуудлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Мөн төрийн албан хаагч нар ёс зүйн зарчим баримталж, оногдсон үүргээ үнэнч шударгаар чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг уриалав.

Тус сургалтын үр дүнд  оролцогчид  иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, улмаар оролцоотой шийдвэр гаргах арга зүй, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд суралцлаа. Ингэснээр төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэчлэлийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нарыг чадваржуулах  энэ сургалтыг  улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог аж.  



 

  

 

Холбоотой мэдээ