Дарви сумын иргэд хадгаламж, зээлийн хоршоо байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-09 23:01:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви сумын малчид, иргэд хөдөлмөрчид хувь нийлүүлж, “Хөгжилд тэмүүлэх сутай” хадгаламж, зээлийн хоршоо байгуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Арилжааны банкнаас авч буй зээлийн хүү өндөр, хадгаламжийн хүү бага байгаа нь иргэдийн хувьд хүссэн үйлчилгээ болж чадахгүй байгаа. Тиймээс малчин иргэд өөрсдөө хувь нийлүүлэн дундын хөрөнгөтэй болох, түүгээрээ дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах, өндөр хүүтэй хадгаламжтай болох зорилгоор тус хоршоог байгуулжээ.

“Хөгжил өөд хамтдаа” уриан дор үйл ажиллагаа явуулж байгаа тус хоршоо нь гишүүнийхээ хүрээг өдрөөс өдөрт тэлж,  улмаар  сумын малчид, ард иргэдэд хоршоогоор дамжуулан  200 мянгаас  3 сая төгрөг хүртэлх зээлийг олгож байна.

Дарви сум нь 814 өрхийн 3010 хүн амтай. Тухайн сумын иргэд нэг өдөр 1000 төгрөгийг хоршоондоо хуримтлуулснаар жилийн дараа 430700 төгрөг, 10 жилийн дараа 10 сая 130 мянган төгрөгийн хуримтлалтай болох боломжтой аж.

Анх 30 хүрэхгүй хүн тухайн хоршооны гишүүнээр элссэн бол одоо 120 орчим  гишүүнтэй,  эргэлтийн хөрөнгө 50 сая болсон гэж мэдээллээ. Тус хоршоонд зөвхөн Дарви сумын малчид, иргэд гишүүнээр элсэх боломжтой бөгөөд хамгийн өндөр өгөөжтэй санхүүгийн  үйлчилгээг авахаас гадна  хоршооныхоо өмчлөгч нь болж байгаагаараа чухал ач холбогдолтой гэнэ. 

Холбоотой мэдээ