Ховд аймагт эрсдэлт нөхцөлд 400 гаруй хүүхэд амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-06 21:25:49

Ховд /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн асуудлаар талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг  энэ сарын  6-7-нд  Ховд аймагт зохион байгуулж байна. 

Зөвлөгөөнд 17 сумын  ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэндийн төв, цагдаа, онцгой байдлын газар зэрэг хүүхдийн өмнө үүрэг хүлээгч  байгууллага, иргэдийн  төлөөлөл 140 гаруй хүн оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил, түүний үр дүн, цаашид тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, туршлага хуваалцаж байгаа юм. 

Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах чиглэлээр салбар байгууллагууд ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудал нэлээд байна.

Ховд аймаг 88447 хүн амтай. Үүнээс 33914 буюу 38,3 хувийг 0-18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Өнгөрсөн онд  аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага мэдээлэл ирж, сумдын хамтарсан багаар дамжуулан тусламж, үйлчилгээ үзүүлсэн ба 2017 оноос хойш 12 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ. Үзүүлэлтээс дүгнэхэд эцэг эх, хүүхдийн өмнө хариуцлага хүлээгч байгууллагуудын оролцоог  нэмэгдүүлэх, хамгааллыг сайжруулах  шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд 20 мянга орчим хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байна гэсэн судалгаа бий. Тэгвэл Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар тус мэдээллийн санд 400 гаруй  хүүхэд  бүртгүүлсэн  гэж албаныхан  мэдээллээ.


Зөвлөгөөний үр дүнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр орон нутгийн салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх боломж бүрдэх аж. Тус зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Дэлхийн зөн ОУБ хамтран зохион байгуулав. 


Холбоотой мэдээ