Эрүүл мэндийн үйлчилгээнд хоёр төрлийн вакциныг шинээр нэвтрүүлнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-21 16:22:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн салбар байгууллагуудад “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин”, “Халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн  вакцин” гэсэн  хоёр төрлийн вакциныг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс шинээр нэвтрүүлж,  2 ба 5 сартай хүүхдүүдийг дархлаажуулна.  

Үүнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас салбар байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах, вакцинтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор сургалт зохион байгуулж байна.

Сургалтад 16 сумын эрүүл мэндийн төв, Жаргалант сумын 6 өрхийн эмнэлэг, БОЭТ-ийн хүүхдийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.  

Тус сургалтын чиглүүлэгчээр Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн их эмч М.Оюун, Д.Уянга нар ажиллаж байгаа бөгөөд дэлхий дахинд халдварт саа өвчний өнөөгийн байдал, иргэдэд вакцин хийхэд анхаарах зүйлс,  уушгины үрэвсэл ба аюулгүй дархлаажуулалт, түүний  урвал, хүндрэлийн тандалтын талаар мэдээлэл хийлээ.

Мөн вакцины хүйтэн хэлхээ, хэм, хяналт, устгал, түгээлт, захиалга, зарцуулалт, дархлаажуулалтын хамралт, цахим бүртгэлийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна. Цаашид шинэ вакцин нэвтрүүлэх үеийн мэдээлэл, сургалт, сурталчилгааг иргэдэд зориулан явуулах, дархлаажуулалт бүхий халдварт өвчний тандалт, шалгуур үзүүлэлтийн биелэлтэд анхаарч ажиллахыг салбарын эмч нарт зөвлөв.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг 2 сартай хүүхдэд, Халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг 5 сартай хүүхдэд хийж, дархлаажуулах юм.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа өвчнөөс шалтгаалсан нас баралт нэлээд өндөр хувьтай бүртгэгдэж байгаа гэнэ. Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг орон нутагт нэвтрүүлснээр аливаа нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх чухал ач холбогдолтой гэж салбарын эмч, мэргэжилтнүүд онцлон хэллээ.


 

 

Холбоотой мэдээ