“Эрүүл бэлчээр-Эрүүл мал” сэдвээр бэлчээрийн менежментийн туршлагаа хуваалцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Бэлчээрийн
Менежментийн ажлын хэсэг хамтран аймгийн бэлчээрийн менежментийн урт
хугацааны хөтөлбөр, бэлчээрийг хариуцлагажуулах журмыг хэлэлцэх зорилгоор
“Бэлчээрийн менежментийг дэмжих ажлын хэсгүүдийн уулзалт, зөвлөлгөөн”-ийг “Эрүүл
бэлчээр-Эрүүл мал”-хангалуун амьдралын баталгаа сэдвийн хүрээнд зохион байгуулж
байна.
Тус зөвлөлгөөнд аймаг, сумдын удирдлагууд, Бэлчээрийн Менежментийн ажлын хэсгийн
гишүүд, 17 сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, сумдын Газрын даамал,
Байгаль орчны байцаагч, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 100 гаруй хүн
оролцож, санал солилцож байна.
Зөвлөлгөөний хүрээнд Ховд аймгийн 2018 оны бэлчээрийн төлөв байдал, доройтол,
нөхөн сэргэх чадвар, орон нутагт малчин төвтэй бэлчээрийн зүй зохистой
ашиглалтыг нэвтрүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлын явц, үр дүн, бэлчээр
ашиглалтын гэрээ, хэрэгжилт, сайн туршлага, цаг агаарын төлөв байдлын талаар
холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.
Мөн “Бэлчээр” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, “Бэлчээр
ашиглалтыг хариуцлагажуулах журам” болон Ховд аймгийн малын эрүүл мэндийн
байдал, малын эрүүл мэндийн мөрдөх тогтолцоог Чандмань, Дуут, Мөнххайрхан
суманд хэрэгжүүлж байгаа сайн туршлага, үр дүн, Малын бүртгэл мэдээллийн сан ба
түүхий эдийн чанарыг мөшгих цахим систем, цаг агаарын болон бэлчээрийн
мэдээллийг мессежээр авах үйлчилгээ, Ховд аймгийн долоон суманд бэлчээрийн
менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ажлын үр дүн, Арьс ширний бэлтгэлийн
чанар, зах зээлийн эрэлт хэрэгцээ, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн талаар
ярилцлаа.
Зөвлөлгөөнд оролцогчид “Ховд-бэлчээр” хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд бэлчээрийн менежмент, мал,
амьтны менежмент, хамтын ажиллагаа, бэлчээрийг хариуцлагажуулах, малчдын орлого
нэмэгдүүлэх гэсэн чиглэлээр таван багт хуваагдаж, хөтөлбөрт тусгах саналаа өгч
байна.