Н.Энхбаяр:Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг намын бага чуулганаар шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-06 14:14:22
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МАХН-ын ээлжит бус чуулган маргааш буюу 7-ны өдөр “УБ палас”-ийн их танхимд болох талаар намын удирдалууд мэдэгдлээ. Чуулганд бүх Монгол Улсын бүх сум, нийслэлийн хороо бүрээс чуулганыг зохион байгуулах үндэсний хорооны журмын дагуу сонгогдсон 1044 төлөөлөгч оролцох аж.

Ээлжит бус чуулганаар МАХН-ын 2011 онд батлагдсан дүрэм, мөрийн хөтөлбөр, дотоод зохион байгуулалтад тодорхой өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн улс төрийн өнөөгийн байдал, засаглалын хямрал болон нийгэмд сонирхол татсан асуудлаар илтгэл тавьж төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх юм.
УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших эрх нээлттэй байгааг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэмдэглэв.
Тэрбээр “Сонгуульд нэр дэвших эрхийг хэн ч хасах эрхгүй. Дээд шүүх МАХН-ын дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа нь нийгэмд ойлгомжгүй байдал үүсгэх далд зорилго агуулж байна. Миний бие Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших эсэхийг намын бага чуулганаар шийднэ. Нөхөн сонгуульд МАХН туйлын хариуцлагатай оролцоно. Учир нь МАН, АН сонгогчдоос хангалттай санал авсан боловч амалснаа хэрэгжүүлэхгүй байна. Нөхөн сонгуулиар манай нэр дэвшигч сонгогдвол ганц дайчин ганцаардахгүй гэгчээр эрүүл саруул төрийн тогтолцоо бий болгохын төлөө тэмцэн болно” хэмээв.

Дашрамд дурдахад МАХН-ын 2 дугаар их хурал энэ оны хоёрдугаар сард болсон ч чуулган болсон эсэх нь тодорхойгүй гэх шалтгаанаар Дээд шүүх намын дүрэм, мөрийн хөтөлбөрт орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм.
Л.Нандиа
Холбоотой мэдээ