Үнээнд массаж болон туурайн гоо сайхны засал хийдэг ажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-03 17:37:49
МОСКВА. /ТАСС/. Ингушетийн Малгобекс дүүрэгт байрлах “Ингушетийн сүү” гэдэг брэнд нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мах, сүүний “Сагопшинский” цогцолборын үнээний ферм нь Удмурт болон Татарстанаас 3 жилийн өмнө оруулж ирсэн сүүний чиглэлийн "голштино-фриз" үүлдрийн нэг мянга орчим үнээтэй бөгөөд мах, сүүний уг цогцолбор нь Хойд Кавказын нийт нутагт байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж.
 
Ингушетийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид хар тарлан үнээнүүдээ малын өвчин тусах эрсдэлээс сэргийлж бэлчээрт гаргалгүй, хашиж тэжээдэг байна. “Сагопшинский” цогцолборын фермийн үнээнүүдэд багагүй арчилгаа шаардагддаг байна. Тухайлбал, тус фермд үнээнүүдэд иллэг хийх зориулалттай 50-60 см урт массажны сойз байдаг бөгөөд уг сойз нь үнээнүүдийг нэг нэгээрээ дөхөөд ирэхэд автоматаар эргэж эхэлдэг байна. 40-50 секунд үргэлжлэх хүзүү болон нурууны иллэг нь мөн малын үс ноосонд наалдсан хог шороог цэвэрлэдэг аж.

Дайрч давшилгүй зугуухан урагшлан цуврах үнээнүүд иллэг хийлгэхээс гадна туурайн гоо сайхны арчилгаанд ордог гэнэ. Ингэхдээ жижиг савтай тусгай уусмалаар туурайг цэвэрлэсний дараа туурайн засалч зориулалтын багаж хэрэгслээр үхрийн хөлийг бэхэлж, туурайг нь тэгшилдэг байна.   

Ингушетийн мах, сүүний цогцолбор нь сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд Европын фермүүдийн арга барилыг ашиглан үнээнүүддээ сонгодог хөгжим тавьж өгдөг гэнэ. “Ингэснээр малыг тайвшруулж, сүүний гарцыг нэмэгдүүлдэг” гэж тус цогцолборын мэргэжилтэн Беслана Цечоева хэлжээ.
Э. Аянзаяа
Эх сурвалж:ТАСС

Холбоотой мэдээ