Нохой устгалд зориулсан төсөв энэ онд байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-07 07:38:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Арвайхээр ТҮК-ээс 2017 он гарсаар 97 нохой устгажээ. Хэдэн жилийн өмнө зөвхөн айлын хашаанд уяатай байгаа нохойг тоолоход 4 мянга орчим хүрч байсан ба сүүлийн үед тоолоогүй, золбин нохдыг тоолох ч арга байхгүй гэдгийг тус албаныхан хэллээ.

Иргэдийн дунд шүүмжлэлтэй хандаж буй асуудлын нэг нь нохой устгалын тухай юм. Өдрөөс өдөрт өсөж үржин хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгаа золбин нохойны устгал хангалтгүй байгаа нь юутай холбоотой вэ? Холбогдох албаны хүнээс тодруулахад “Сум нэг хайрцаг нь 45000-65000 төгрөгийн үнэтэй байдаг. Хайрцгандаа 50 сумтай байдаг. 50 сумаар 50 нохой буудаж чадахгүй учраас зардал өндөр гарч байна. Одоогоор хоёр анчинтай нэг нохойг 5000 төгрөгөөр устгана. 50 сумаар 35 нохой заавал устгана гэсэн гэрээ хийгээд байна” гэлээ.

Энэ жил нохой устгалд зориулан Орон нутгийн сангаас нэг ч төгрөг төсөвлөөгүй бөгөөд ядаж эзэнтэй нохой бүрээс хураамж авчихвал нохой устгалын мөнгө гарчих юм гэдгийг ч хэлж байна. Нохойтой айл жилд нэг удаа 4000 төгрөг хураалгах журамтай ч татвараа өгөөгүй тохиолдолд охин нохой 10000, эр нохой 5000 төгрөгний торгуультай. Гэвч татвар болон торгуулийн мөнгөө өгсөн айл ховор аж. 2016 онд 2,3 сая төгрөг төвлөрсөн нь санхүүжилтын 50 хувьд ч хүрээгүй аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ