Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-07 16:11:19

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Буриадын их сургуульд “Монгол хэл, соёлын төв”-ийг албан ёсоор нээлээ.


Энэхүү “Монгол хэл, соёлын төв” нь монгол хэл, соёлыг сонирхон судалж буй Буриадын болон бусад орны оюутан, судлаач нарт зориулсан сургалт, судалгааны цогц орчныг бүрдүүлсэн байна. Тус төвд монгол хэлний хичээлүүд тогтмол зохион байгуулахаас гадна монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг стандартын дагуу авах, соёлын үйл ажиллагаа, сургалт зохион байгуулах бүрэн боломжтой.


Мөн МУИС-иас энэхүү төвд зориулан монгол хэл, соёлын чиглэлээр боловсруулсан сурах бичиг, гарын авлага нийлүүлэхээс гадна мэргэжлийн багш, судлаачдыг томилон ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр Буриад дахь монгол хэлний сургалтыг чанаржуулах, сургалтын хөтөлбөрийг нэгтгэх, олон улсын түвшинд нийцүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.


Энэхүү үйл ажиллагаанд Боловсролын сайд П.Наранбаяр, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И.Могилевский, Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Монгол МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Буриадын их сургуулийн ректор, эрдэмтэн багш нар болон хоёр орны албаны төлөөлөл, оюутан залуус оролцсоныг Боловсролын яам мэдээлэв.




 

Холбоотой мэдээ