ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын хэмжээнд 21 мянган иргэнд шинээр газар эзэмшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-07 08:27:23

Даланзадгад /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн бүрд гэр бүлийн хэрэгцээнд нь зориулан 0,07 га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Даланзадгад сумын хэмжээнд жил бүр шинээр газар эзэмших 500 иргэний хүсэлтийг хүлээн авдаг. Энэ жилийн хувьд 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр газар эзэмших хүсэлтийг иргэдээс хүлээн авах ажлыг зохион байгууллаа. Гэвч газар эзэмших хүсэлтэй иргэдийн тоо 2000 давж аймгийн ГХБХБГ-т иргэд олноор цуглаж бухимдал үүсгэжээ.  

Тухайлбал иргэд 10 гаруй жилийн өмнө өгсөн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй, эзэмшүүлсэн газар нь дэд бүтэц байхгүй, хэсэг хугацааны дараа мэргэжилтнээс тодруулахад газрын байршил, нэр солигдсон байдаг. Иргэдийг олноор цуглуулж үймээн самуун дэгдээхгүйгээр цахимаар шийдвэрлэх боломж байдаггүй юм уу гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийллээ.

Харин ГХБХБГ-аас нөхцөл байдлаас шалтгаалан 2000 иргэний хүсэлтийг хүлээн авсан хэдий ч энэ жилийн хувьд Засгийн газрын тогтоолын дагуу 500 иргэний өргөдлийг шийдвэрлэн ажиллах бөгөөд үлдсэн 1500 иргэнийг аймгийн ИТХ-аар хэлэлцэн Засгийн газарт хүргүүлэх юм.

 

Аймгийн ГХБХБГ-ын дарга П.Золжаргал

Газар өмчлөлийн хууль 2003 оноос үе шаттай хэрэгжиж эхлээд явж байна. Харин 2018 оноос газар олголтын хуульд өөрчлөлт орж 2028 он хүртэл иргэдэд газар өмчүүлэхээр болж өөрчлөгдсөн. Бид жил бүрийн 4 дүгээр сарын эхний 10 хоногт газар эзэмших өргөдлийг хүлээн авахаар зар мэдээллээ олон нийтэд нээлттэй тавьдаг. Гэвч эхний өдрөө л 500 иргэн өргөдлөө өгөөд дуусчихдаг. Газар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталдаг бөгөөд дараагаар нь Засгийн газрын тогтоол гардаг. Ер нь 21 аймаг, сум багт газар өмчлөх эрхийг Засгийн газар баталдаг. Даланзадгад сумын хэмжээнд 2023 онд 500 иргэнд газар өмчлүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дагуу бид өргөдлөө авч эхэлдэг.
Харин энэ жилийн хувьд хэдэн хүнд, хэдий хэмжээтэй газрыг, хаана өгөх вэ гэдэг нь тодорхой зааж, нээлттэй зарласнаараа онцлогтой. Засгийн газрын тогтоолоор 500 иргэний өргөдлийг авах ёстой байсан ч газар өмчлөх иргэдийн хүсэлт олноор ирж, бухимдал үүссэн учраас 2000 иргэний өргөдлийг хүлээн авлаа. Гэвч тогтоолын дагуу 500 иргэний асуудлыг бид шийдэж чадна. Цаана нь үлдсэн 1500 иргэний өргөдлийг аймгийн ИТХ-д санал оруулж шийдвэрлэх талаар ярилцана. 
Ийнхүү шат шатандаа хэлэлцэж засгийн газрын тогтоол гарвал асуудлыг шийдэх болно.

Ер нь газар гэдэг өргөжиж тэлдэггүй баялаг юм. Тиймээс Даланзадгад сумын хувьд газрын нөөц их багасаж байна. Иргэд өргөн уудам газар нутагтай гэж ярьдаг ч газар өмчлөлийн хуулиараа хот суурин газрын эдэлбэр дотроо газрыг эзэмшүүлэх ёстой гэсэн хуулийн заалт байдаг. Гэсэн хэдий ч Даланзадгад сум бодлогоороо хилийн цэс доторх бүх газраа хөдөө аж ахуйн эдэлбэр газар байхгүй гэж үзэн хот суурин газрын эдэлбэр газраар өмчлүүлж байгаа.

Одоогийн байдлаар Даланзадгад сумын хэмжээнд 21 мянган иргэний газрыг өмчлүүлсэн. Харин 1800 орчим иргэн хуучин эзэмшиж байсан газраа өмчилж авсан. Хайрхан, Зэгстэй зэрэг шинээр буй болсон суурьшилд нөөц газар байхгүй болсон. Энд 1000 гаруй иргэний эзэмшлийн газрыг шийдсэн байгаа. Цаашдаа Ханхонгор сумын нутаг дэвсгэр дээр дэд бүтцийг  шийдвэрлэж,  Даланзадгад сумын иргэд газар эзэмших болж байгаа эсэх талаар судлах ажлыг хийнэ. Иргэдээс түлхүү  ирж байгаа гомдол нь онлайнаар газар эзэмших хүсэлтийг авч болдоггүй юм уу гэдэг. Гэвч хуульдаа анх газар эзэмших хүсэлтийг биеэр ирж өгөх ёстой гэж заасан байдаг учраас боломжгүй юм. 

Холбоотой мэдээ