ӨМНӨГОВЬ: Сар шинийг угтан “Монгол наадгай” уламжлалт үйл ажиллагааг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-02-07 15:33:04

Өмнөговь/МОНЦАМЭ/ Монголын уламжлалт зан заншил, тоглоом наадгайг хүүхэд багачууд, өсвөр насныханд түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх чиглэлээр хүүхдийн эрх хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулсаар байна.

 

Тэгвэл энэ хүрээнд Өмнөговь аймгийн ГБХЗХГ-аас санаачлан Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтан монгол ардын уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Монгол наадгай” уламжлалт үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Тус өдөрлөгт Даланзадгад сумын  8  цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 100 гаруй авьяаслаг бяцхан хүүхдүүд, багш нарын хамт оролцож өв соёлоо танин мэдлээ.

 

Хүүхдүүдийн дунд шагай няслах, морь уралдуулах, шагай хамах зэрэг уралдаануудыг зохион байгуулжээ. Уралдаанд багийн дүнгээр тэргүүн байрт 24-р цэцэрлэг, дэд байрт 8-р цэцэрлэг, гутгаар байрт 2-р цэцэрлэг, тусгай байрт 11-р цэцэрлэг, 26-р цэцэрлэгүүд тус тус шагналт байруудыг эзэлсэн байна.

 

Түүнчлэн хүүхдүүд үндэсний хөгжим, дуу, магтаал, шүлгүүдийг тоглон хөгжиж ноос савах, эсгий хийх зэрэг уламжлалт монгол ахуйн зан үйлд суралцсанаараа ач холбогдол ихтэй боллоо.  

 

Монголын үндэсний бөх, хурдан морь, сурын  харваа зэрэг нь дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтсан арвин их өвийн үнэт зүйлстэй ард түмэн билээ. Түүгээрээ дэлхий нийтэд  ч гайхагддаг.

 

Эдгээр өв соёлоо хүүхэд залууст бага балчраас нь зааж сургах, танин мэдүүлэх, бүр цаашлаад олон улсад сурталчлах ажлыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. 

 

 

Холбоотой мэдээ