Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дараалал үүсгэхгүй байхаар зохицуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-11 16:58:23

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, мэргэжлийн байгууллагууд цаг үеийн мэдээлэл өгч хэд хэдэн шийдвэрийг гаргаад байна.

-Тус аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 102 иргэн коронавирусний халдвар авч нийт батлагдсан тохиолдол 4713 болсон байна. Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу цаашид зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлыг олон нийтэд мэдээлэхээр боллоо. Эхний ээлжинд Завхан аймагт PCR шинжилгээ хийх хоёр мянган ширхэг урвалж бодис хуваарилсан байна. Өнөөдрийн байдлаар аймгийн 24 суманд халдвар бүртгэгдсэн. Нийт 861 иргэн эмнэлэгт, 534 иргэн гэрээр эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нь хөнгөн 1195, хүндэвтэр 179, хүнд 15 хүн эмчлүүлж байна. 9-р сар гарснаас хойш нийт 1202 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа. Эмч, эмнэлгийн ажилтан, хүний нөөцийн хомсдол үүссэн. Цаашид халдвар эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд ухамсартай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатайг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Цэцэрлэг, сургуулиудын 90 орчим хувь нь танхимаар хичээллэнэ

Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын гурав дахь тунг хийж эхлэх гэж байна.

Тухайлбал, 9-р сарын 13-ны өдрөөс 12-оос дээш насны иргэдэд гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эхлүүлнэ. Харин 9-р сарын 13-23-ны өдрүүдэд бүх насны иргэдэд томуугийн дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Мөн үеэр аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас: -9-р сарын 1-ний өдрөөс ерөнхий боловсролын 13 сургууль танхимаар, 16 сургууль цахимаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн 24 цэцэрлэг танхимаар, 19 цэцэрлэг цахимаар хичээллэж байна. 9 сарын 13-ны өдрөөс 90 орчим хувь нь танхимаар хичээллэх бэлтгэл ажлыг хангасан байгаа гэв.

 

Тандалт судалгааг сайжруулж хараа хяналтыг чангатгана

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас дөрвөн чиглэл ирсэн эдгээр чиглэлийг албан тоотоор бүх суманд хүргүүлээд байна.

Тухайлбал улсын Онцгой комиссоос амны хаалт авч үйлчлүүлдэг бүх үйлчилгээний байгууллагуудыг танхимаар үйлчлэхийг хориглох. Мөн 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох.  Албан байгууллагууд аль болох ажилчдаа цахимаар ажиллуулах. Намрын дунд сарын шинийн 17 болон бусад өдрүүдэд хурим найр хийхийг хатуу хориглох чиглэл ирүүлсэн байна. Иймд дээрх чиглэлийг сум бүрд хүргүүлсэн бөгөөд тухайн сумын Онцгой комисс дээрх чиглэлийн дагуу орон нутгийн онцлогтоо тохируулан шийдвэр гаргаж ажиллана.

Харин аймгийн Шуурхай штабын хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд байна. Тухайлбал, мэргэжлийн байгууллагууд коронавирусний халдвартай холбоотой урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, эргэх холбоогоор ард иргэдийг сайтар хангаж ажиллах. Аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үед нь хүндрэл, дараалал үүсгэхгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах. Тандалт судалгааг сайжруулж, хяналтыг чангатгах. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хяналтыг сайжруулах. Бүх сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг ойрын хугацаанд бүрэн хангаж дуусгах үүрэг чиглэлийг холбогдох газруудад өглөө гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв

Холбоотой мэдээ