Г. Дашдаваа: Энэ жил тарваган тахлын эрсдэл өндөр байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-06 10:00:31

Завхан/МОНЦАМЭ/. Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаал гарчээ. Аялал зугаалгын улиралд тарваган тахал өвчин сэдрэх эрсдэл тулгардаг. Тиймээс Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нь тарвага тархсан байдаг. Тэдгээрт тарваган тахлын голомт бий эсэх талаарх тодруулгыг Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваагаас авлаа.

-Сайн байна уу? Тарвагыг хууль бусаар агнах хориотой байсан. Саяхан гарсан сайдын тушаал Амьтны тухай хуулийг илүү чангатгав уу?

-Тийм ээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглолоо. Ер нь тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Хэдийгээр тарвага агнахыг хуулиар хориглосон ч гэлээ иргэд хулгайгаар тарвага агнах, ахуйдаа болон хүнсэнд хэрэглэх явдал тасрахгүй байна. Тиймээс тарвага агнахгүй байх хуулийн хэрэгжилтийг хангуулах, журмыг илүү чангатгасан байна.

-Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой гэж мэргэжлийн байгууллагууд мэдээлжээ?

-Тийм ээ. Улсын хэмжээнд  17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бий. Тэр дундаа баруун аймгуудад, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс тарваган тахлын идэвхжил нэлээд өндөр байна. Манай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 74.2 хувь буюу 17 сум тарваган тахлын голомттой. Үүнээс Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино, Отгон зэрэг сумдад тарваган тахлын голомтын идэвхжил өндөр байна. Амралт, аяллын энэ саруудад иргэд аялж зугаалахдаа тарвага агнах, мөн тарвага худалдаж авч идэх нь их байна. Энэ нь маш их эрсдэл дагуулдаг.

-Тарвага агнаж идэх нь уламжлалт анагаах ухаантай холбоотой юм шиг санагддаг. Ер нь уламжлалт анагаах ухаанд амьтны эд эрхтнийг ашиглан өвчнийг анагаах арга байдаг уу?

-Амьтны эд эрхтнийг түүхийгээр нь ашиглан өвчнийг анагаадаг технологи орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд огт байдаггүй. БНХАУ-ын ардын эмчилгээнд  тодорхой хэмжээнд ан амьтны эд эрхтнийг үйлдвэрийн зориулалтаар боловсруулаад, халдваргүй болгосон нөхцөлд эм болгон үйлдвэрлэдэг жор байдаг. Энэ бүхнийг лабораторийн шинжилгээтэй хийдэг. Харин амьтны эд эрхтнийг түүхийгээр хэрэглэх нь байж болохгүй үйлдэл. Энэ нь маш том эрсдэлийг дагуулж байна. Тийм учраас л иргэн бүр анхаарах нь чухал юм гэдгийг дахин дахин сануулаад буй юм.

-Тарвага агнаснаас үүдэн тахлаар өвчилсөн хүнд өөрт нь ямар хариуцлага тооцдог юм бол?

-Хууль бус хориотой ан агнасан гэдэг утгаар нь зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох боломжтой ч халдвар тараасан гэдэг дээр нь хариуцлага тооцох хуулийн заалт байдаггүй. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар  2017 оны есдүгээр сарын 22-ноос эхлэн тарвага агнахыг гурван жилээр хориглосон учраас тарвага агнах нь хууль бус, хориотой байсан. Дээрх тушаалын хугацаа дуусаж дахин 2021 оны 07-р сарын 30-ний өдөр 193 дугаар тушаал гаргасан. Энэ тушаалыг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.4 дэх заалт Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн гаргасан байна. Иргэд энэ тушаалын зорилгыг ойлгох хэрэгтэй.

Гэтэл тарвага агнасаар л байна. Ийм үед тушаалын хэрэгжилтийг хангуулахад Байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаа хууль хүчний байгууллагын дэмжлэг хараа хяналт маш юм.  

-Тарвага агнасан талаарх мэдээллээ цахим орчинд байршуулсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэж гэж сонссон?

-Бид тандалт судалгаа хийж байна. Үндэсний их баярын амралтын өдрүүдэд иргэд орон нутгаар аялахдаа, тарвага агнасан талаарх мэдээллээ өөрийн цахим хуудсанд байршуулж байна. Тэр дундаа твиттер, болон нүүр номын хуудсыг нь олон хүн дагадаг хүмүүс шэйрлэж, постолж байна. Энэ нь бусдыг тарвага агнахад уриалга болж байх магадлалтай. Ийм тохиолдлуудад цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахаар болсон.

-Энэ жил тарваган тахал бүртгэгдсэн үү? Өнгөрсөн жил хэд хэдэн аймагт тарваган тахлын өвчлөл бүртгэгдсэн. Тарваган тахлын өвчлөлийн үе шат гэж байдаг юм болов уу?  

-Монгол улсад 1931 оноос эхлэн  210 хүн тарваган тахлаар өвчилж, 83 хүн нас барсан байдаг.

Манай аймагт гэхэд 1879-1920 оны  хооронд дөрвөн удаагийн тарваган тахлын дэгдэлтээр 46 хүн өвдөж нас барсан түүх бий. 1936-1938 онд 38 хүн өвдөж 25 хүн нас барснаас хойш 1945, 1946, 1947, 1952, 1953, 1954, 1960 онуудад тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол жил бүр гарч, дэгдэлт явагдаж байсан мэдээлэл бий.

Тарваган тахлын нэг тохиолдлыг Олон улсын эрүүл мэндийн дүрмээр дэгдэлт гэж үздэг. 1993-2011 онд 13 хүн тарваган тахлаар өвдөж гурван хүн нас барсан байна.

2019 онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн тарваган тахлаар нас барж, хоёроос 12 насны гурван хүүхэд өнчирсөн эмгэнэлт үйл явдал болсон. Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүү тарваган тахлаар нас барсан харамсалтай үйл явдал тохиолоо. Ховд аймагт ах дүү хоёр тарваган тахлаар өвчилж, ойрын хавьтал болох 650 хүнийг эрсдэлд оруулсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд цаг алдалгүй арга хэмжээ авснаар халдварын голомтыг цомтгон дарж чадсан. Мэрэгч амьтнаас хүнд халдварладаг энэ өвчнийг эмчлэхэд нэг тохиолдол нь дунджаар 50-100 сая төгрөг болж байна. Тэгэхлээр тарваган тахал бол аюултай өвчин юм. Мөн энэ жил тарваган тахлын дэгдэлт өндөр эрсдэлтэй байна гэсэн үг.  Тиймээс анхаарал хандуулах нь чухал юм.

-Монгол Улсаас өөр хэчнээн оронд тарваган тахал гарч байна вэ?

-XIII, XVII, XVIII зуунд тарваган тахал дэлхий нийтийг хамарч олон сая хүний амь насыг авч одсон цар тахал гарч байсан. Сүүлийн 10 жилд буюу 2010-2019 онд 11 улсад тарваган тахал бүртгэгдсэн. Тухайлбал, 2019 онд зургаан оронд тарваган тахлын 148 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жилийн хувьд Монгол Улстай хил залгаа орнуудад буюу ОХУ-ын горный Алтайн нутаг дэвсгэрт, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд идэвхжил өндөр байна.

-Нэг тохиолдол гарахад 50-100 сая төгрөгийн зардал гардаг гэж хэллээ?

-Тиймээ. Нэг тохиолдол илрэхэд эрүүл мэндийн салбараас гадна өөр олон салбар зэрэг ажилладаг. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нэг тохиолдлыг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх гээд дунджаар 50-100 сая төгрөг зарцуулж байна. Цаашид халдвар тархвал үүнээс их зардал зарцуулна гэсэн үг. Тиймээс иргэдийн хариуцлагагүй болгоомжгүй үйлдлээс болж эдийн засгийн маш их хохирол үүсэх эрсдэл байсаар байна.

Тарваган тахлын нэг тохиолдлыг ч дэгдэлт гэж авч үзээд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу тусгайлсан хариу арга хэмжээ авдаг учраас зардал өндөр гардаг. Тийм л учраас эрсдэлтэй үед урьдчилан сэргийлэх, болгоомж иргэн бүрд хэрэгтэй байна.

-Энэ өвчний үүсгэгчийн талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг. Мэрэгч амьтад, тэдний бөөс бүүргээр дамжин халдварладаг, ихэвчлэн тунгалгийн зангилаа уушгийг  хоёрдогчоор гэмтээдэг. Халууралт хурц хордлого бүхий зоонозын хурц халдварт өвчин юм. Эмнэл зүйн шинж тэмдэг нь ихэвчлэн 38-40 хэм хүрч халуурах. Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох. Бүх бие булчингаар шархирч өвдөх, толгой өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгалахад хүндрэлтэй болох. Бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Энэ өвчний нууц хугацаа нь дунджаар зургаа хоног байдаг. Тарваган тахал үүсгэгч нянг зөвхөн тарваганд л байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Гэхдээ энэ нян нь бүх мэрэгч амьтдад байдаг. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хийсэн судалгаагаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хархнаас тарваган тахал үүсгэгч нян илэрсэн.

Мөн бөөс, бүүргээр дамжин халдварлах эрсдэлтэй. Тухайлбал, тахалтай тарвага болон мэрэгч амьтдыг хазсан бөөс, бүүрэг нь хүнийг хазахад тахал үүсэх эрсдэлтэй юм.

-Аялал зугаалгын улиралд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд яах ёстой вэ?

-Хамгийн гол нь тарвага агнахгүй байх, тарваганы мах идэхгүй байх хэрэгтэй. Тарваганы түүхий эд, эрхтнийг хэрэглэхгүй байх, тарвагыг нохойгоор бариулахгүй байх хэрэгтэй. Мөн урхи, хавхаар агнахгүй байх. Тарваганы түүхий мах эд, эрхтнийг хот суурин газарт оруулахгүй байх. Хүүхдийг тарваганы дошин дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх. Хөдөө хээр явахдаа шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх.

Тарваган тахлын эсрэг вакцин тариулах. Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх. Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих. Гэрийн нохойг байнга уяатай байлгах.

Хөдөө, хээр үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх. Хэрэв үхсэн тарвага, мэрэгч амьтадтай таарвал энэ тухайгаа зоонозын өвчин судлалын төвд 7046-2432, 9203-0222 утсаар яаралтай мэдээлэх. Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх нь зөв юм.

Тарваган тахал өвчний улиралчлалтай холбоотойгоор иргэд голомтот бүс нутагт амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авахаас заавал татгалзаарай гэдгийг дахин зөвлөж байна.

-Тарвага агнахыг хориглоод буй нь хүн амыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм гэдгийг иргэдэд хэрхэн ойлгуулах вэ?

-Тарвага агнахыг хориглосон тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулах. Мэргэжлийн байгууллагууд хамтын уялдаа холбоогоо сайжруулж хамтран ажиллах нь чухал юм. Мөн тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон тушаал нь тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилготой хязгаарлалт юм. Ер нь тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн  биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул сэргээн нутагшуулах ажлыг ч зарим орон нутаг зохион байгуулж байна.  

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ