Сүга Ёшихидэ, Мүн Жэ Ин нар энэ сарын 23-нд уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Yomiuri/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Олимпын наадам эхлэх өдөр буюу 7 дугаар сарын 23-нд Токиод анх удаа биечлэн уулзана.
Яриа хэлэлцээний үеэр хоёр улсын удирдагчид Дэлхийн II дайны үед Япон цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан зугаацуулагч эмэгтэйчүүд гэгдэх хятад, солонгос эмэгтэйчүүдийн асуудлаар санал бодлоо солилцох төлөвтэй байна. Үүнээс гадна тухайн үед Японд албадан хөдөлмөр эрхлүүлж байсан Солонгос ажилтнуудын асуудлыг хөндөх төлөвтэй аж.
Өмнө нь 2018 онд болсон Пёнчаны Олимпын наадмын үеэр Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо БНСУ-д айлчилж байсан юм. Энэхүү айлчлалыг хүндэтгэж, талархаж буйн илэрхийлэл болгон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тийнхүү Япон улсад айлчилна гэж эрх баригчид үзэж байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн харилцаа мууджээ. Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд Токио болон Сөүлийн харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ “зугаацуулагч эмэгтэйчүүд” байсан 12 хүнд 92 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохыг Сөүлийн Төвийн засаг захиргааны тойргийн шүүх өнгөрсөн 1 дүгээр сарын 8-нд Японы Засгийн газарт үүрэг болгожээ. Хариуд нь Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мэдэгдэхдээ, Япон Өмнөд Солонгосын шүүхийн шийдвэрт захирагдах ёстой гэж үзэхгүй байгаа бөгөөд гомдлыг цуцлах ёстой гэжээ.