Баярын өдрүүдээр аймгийн төвөөс орох гарах зөвшөөрөл хүссэн иргэд олон байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-02-27 10:55:21

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн “Шуурхай штаб” цагаан сарын өдрүүдээр ачаалалтай ажилласан тухай мэдээллийг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхээр “Ажлын тусгай горимд түр шилжүүлэх тухай” Завхан аймгийн Засаг даргын А/68 тоот захирамжаар томилогдсон аймгийн Онцгой комиссын гишүүдээс бүрдсэн шуурхай штаб ажиллаж байгаа. Шуурхай штаб шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг хүлээж сар шинийн баярын өдрүүдэд ачаалал өндөртэй ажиллаж байна. “Шуурхай штаб”-ын байрыг аймгийн Эрүүл мэндийн газрын шуурхай удирдлагын нэгж дээр төвлөрүүлэн, аймгийн Онцгой комиссын гишүүд 24 цагаар жижүүрлэж байна. Баярын өдрүүдэд аймгийн төвөөс орох, гарах, сум хооронд нэвтрэхийг хүссэн утасны дуудлага их байна. Нэвтрэх зөвшөөрөл хүссэн зарим иргэн халуурч байна гэх боловч эргэн холбогдоход утсаа салгасан зэрэг тохиолдлууд гарсан. Донойн нисэх буудалд хот хоорондын нислэгээр 22 зорчигч ирснээс БНСУ-аас ирсэн хоёр, Япон улсаас ирсэн нэг иргэний хаяг, байршлыг тогтоож, зөвлөгөө өгч хяналтад авлаа. Эрчим хүчний доголдлоос шалтгаалж зарим сум руу ажлын хэсгүүд гарч байгаагаас өөр албан ажлаар аймаг сумаас явах зөвшөөрөл хүссэн дуудлага ирээгүй байна. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зорчихыг хүссэн иргэд шуурхай штабын 70462110 утсаар холбогдож, зөвшөөрөл авах эсэхийг нь шийдвэрлэн ажиллаж байна хэмээн “Шуурхай штаб”-ын дарга, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа мэдээлэв. 

Холбоотой мэдээ