Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр таван худаг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-24 09:58:08

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Баянхайрхан суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сүүлийн таван жил 390 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 34 ажил хийгджээ.

Дээрхи хөрөнгөөр төсвийн хөрөнгө дутагдалтай үед суманд зайлшгүй шаардлагатай байгаа ажлыг шийдвэрлэж, орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал Баянхайрхан сумын тухайд өвлийн улиралд цас их унаж хунгарласнаас зам даваа хаагдаж, баг сумын холбоо тасрах тохиолдол их байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд цас түрэх зам гаргах зориулалтаар ковш трактор худалдан авсан нь заавал замын компанийг харалгүй орон нутгийнхаа боломжоор зам давааныхаа цасыг цэвэрлэдэг болжээ.

Мөн багийн хөгжлийн төв, зам давааны засвар, сумын төвийн замын засвар, баяр наадмын талбай, угтах үдэх хаалга, 0.4 квт-ын шугамын өргөтгөлийг хийжээ. Харин  2018 онд мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цаг уурын ажиглалтын талбайн засвар, таван багт шинээр худаг гаргах, засварлах, шээсний шинжилгээний анализаторын аппарат зэргийг худалдан авахад зарцуулжээ.

 Энэхүү аппаратыг сумын Эрүүл мэндийн төв ашиглаж эхэлснээр иргэд заавал аймгийн төв явж шинжилгээ өгөхгүйгээр барахгүй иргэдийн зардал чирэгдэлийг багасгаж чадсан байна. Мөн сумандаа бөөр шээсний замын суурь өвчин эрт оношлогдож, эмчлэгдэх боломж бүрдсэн аж.

Энэ жил тус сум “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах, гудамж талбайн тохижилтын ажлыг хийснээс гадна Төөнтийн давааны зам засварын ажлыг эрчимтэй хийгээд байна. Энэ даваа нь сумын төврүү ордог орон нутгийн чанартай гол зам дайран өнгөрдөг даваа юм хэмээн Баянхайрхан сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ