ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын 2017 оны тайлангийн хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2018-02-02 15:42:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс /МҮК/-ын 2017 оны тайлангийн хурал Гадаад харилцааны яаманд өчигдөр болов.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн МҮК-ын дарга Д.Цогтбаатар манай улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн салбарын зорилтуудыг хэрэгжүүлэхэд ЮНЕСКО-той хөгжүүлж буй хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэв. Монгол Улс ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүнээр элсэн орсны 55 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлж, хамтын ажиллагаагаа цаашид улам идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс ЮНЕСКО-тай хамтран ажиллах тухай шинэ Санамж бичгийг 2017 онд байгуулсан нь чухал ач холбогдолтой болов.
 
2017 онд Монгол Улсын Засгийн газар “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад, “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг Соёлын биет бус өвийн жагсаалтад шинээр бүртгүүлж, “Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилт – боловсрол 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал”, “Ус зүйн хөтөлбөр”-ийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирэв. Боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, инновацийн салбарт хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх шаардлага байгааг МҮК-ын дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглэн, тус комиссын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Монгол Улс ЮНЕСКО-д 1962 онд гишүүнээр элсэн орсон. Монгол Улс ЮНЕСКО-гийн 10 конвенцид нэгдэн орсон бөгөөд манай орны байгалийн болон соёлын 5 өв, соёлын биет бус 14 өв ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтуудад бүртгэгдсэн. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс 1963 онд байгуулагдсан бөгөөд Гадаад харилцааны сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд, Үндэсний статистикийн хорооны дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, МҮОНРТ-ийн ерөнхий захирал, МОНЦАМЭ агентлагийн дарга, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч болон ГХЯ, БСШУЯ, БОАЖЯ, ХНХЯ-ны газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй.
Холбоотой мэдээ