Монгол Улсыг Вьетнам Улсад сурталчлах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2024-04-03 15:44:18

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав Вьетнамын мэдээллийн агентлагийн Ерөнхий захирал, хатагтай Ву Вьет Чангтай энэ сарын 2-нд уулзжээ.


Уулзалтаар сэтгүүл зүйн салбарын хамтын ажиллагаа болон энэ онд тохиож буй Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсыг Вьетнам Улсад сурталчлах, цаашлаад хоёр орны уламжлалт найрсаг харилцааны үнэ цэнийг залуу хойч үедээ сурталчлан таниулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.


Ерөнхий захирал, хатагтай Ву Вьет Чанг Вьетнамын мэдээллийн агентлаг нь Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын холбоо (ОАНА)-ны гишүүний хувьд Монгол Улсын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хамтын ажиллагаатай ажиллаж ирснийг тэмдэглээд, цаашид мэдээ мэдээлэл солилцох, жил бүр сэтгүүлчдийг харилцан айлчлуулах зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.


Монгол Улсыг сурталчлан таниулах, Вьетнамын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 5-нд Хо Чи Минь хотод зохион байгуулах “Gо Mongolia Road Show” арга хэмжээг тус агентлаг сурвалжилж, Монголын аялал жуулчлалын компаниудын аяллын бүтээгдэхүүний мэдээллийг түгээхээр тогтсон байна. Түүнчлэн Монгол, Вьетнам улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголын соёл, байгaлийн үзэсгэлэнт газруудын талаарх гэрэл зураг бүхий мэдээлэл бэлтгэн, Вьетнамд сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.


 


Холбоотой мэдээ