Хогны хураамжийг цахилгаан эрчим хүчний төлбөртэй цуг авдаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-27 16:47:36
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн төвийн айл өрхийн хог хаягдлын хураамжийг цахилгаан эрчим хүчний төлбөртэй хамт тооцох тухай айгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарчээ. Тогтоол ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжинэ. Үүнтэй холбогдох судалгааг Баруун-Урт сумын 1800 айл өрхийн дунд явуулахад 70 орчим хувь нь хогны хураамжаа, цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөртэйгөө хамт төлөхийг зөвшөөрчээ.

Баруун-Урт сум 5000 гаруй өрхтэй. Эдгээрийн ердөө 50 орчим хувь нь ахуйн хогоо зориулалтын байгууллагаар буюу Сүхбаатар тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/-аар ачуулдаг. Үлдсэн хэсэг нь хувийн машин техникээр хогоо ачиж, нэгдсэн цэгт хаядаг, эсвэл тогтмол байдаггүй гэдэг шалтгаанаар хогны мөнгө төлөхөөс татгалздаг бол бүр зарим нь хогоо ачуулдаг ч хураамжаа төлөхөөс зайлсхийдэг. Энэ мэт явсаар тус газрын хогны хураамжийн өр авлага 2007 оноос хойш хураагдсаар 22 саяд хүрчээ. Энэ өр авлагыг хэрхэн барагдуулах чиглэлээр Сүхбаатар тохижилт ОНӨҮГ-аас аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн болдого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн байна.

“Ер нь үүссэн өр авлагаас харахад нэг өрхөд ойролцоогоор 25-50 мянган төгрөгийн өр байгаа юм. Ингэхдээ дандаа ажилтай орлоготой, эсвэл төрийн албан хаагчид мөнгөө өгөөгүй байдаг. Эдгээр иргэд маань оны эцэст төлнө гэсээр байгаад ийм их өр авлага үүсгэдэг байна. Хогны хураамжийг шинэчилсэн хэлбэрээр авч эхлэхээр манай байгууллагын ачаалал эрс нэмэгдэнэ. Өмнө нь зөвхөн мөнгөө өгдөг байсан айлуудын хогийг манай ачигчид ачдаг байсан бол одоо Баруун-Урт сумын бүх айлын хогийг ачна гэсэн үг. Гэхдээ хогны хураамж нэхэх байдал үгүй болно гэдэг нэг талаараа бидэнд хялбар болох юм” хэмээн Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Б.Мөнхгэрэл хэллээ.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ