СҮХБААТАР: “Англи хэл ба орон нутгийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь АНУ-ын Энх тайвны корпусын төлөөллүүд аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргалтай уулзлаа. Сүхбаатар аймагт сүүлийн 35 жилийн хугацаанд Энх тайвны корпусын 40 гаруй сайн дурын ажилтан ажиллаж, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, хүүхэд, залуучуудын хөгжлийн салбарт бодит хувь нэмэр оруулжээ.
Дээрх уулзалтад тус байгууллагын хөтөлбөрийн менежер Д.Зоригтбаатар, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Доржнамжим нар оролцож, Сүхбаатар аймагт ажиллаж буй зорилго болон хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар танилцууллаа.
Энх тайвны корпус нь Монгол Улсад “Англи хэлний боловсрол болон хамт олон, орон нутгийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон нутгийг сонгон шалгаруулах, судлах ажлын хүрээнд ийнхүү ажиллаж байна.
Хэрэв Сүхбаатар аймаг тус хөтөлбөрт хамрагдвал 2026 оны наймдугаар сараас эхлэн англи хэлний боловсрол, сургуулийн орчин болон хамт олны хөгжил, мөн сургуулиас гадуурх орон нутгийн хөгжлийн чиглэлээр сайн дурын ажилтнууд ирж, хоёр жилийн хугацаанд ажиллахаар төлөвлөж байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал уулзалтын үеэр өмнө нь сайн дурын ажилтнууд аймагт үр дүнтэй ажиллаж байсан туршлага байгааг онцолж, цаашид тус байгууллагын сайн дурын ажилтнуудыг хүлээн авч, бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.
Ташрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн санаачилгаар 1961 оны 3 дугаар сарын 1-нд Энх тайвны корпус байгуулагдсан бөгөөд Монгол Улсад 1991 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Түүнээс хойш 1500 гаруй сайн дурын ажилтан Монгол Улсын 21 аймаг, 150 гаруй суманд ажилласан байна.