Мөрөн суманд орон гэргүй 24 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-17 10:09:24
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Мөрөн сумын гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийн судалгааг  шинэчлэн гаргаж, бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. Энэ судалгаагаар 24 иргэн гэр оронгүй байгаа нь тогтоогдсон бол гэр оронгүй, тэнэмэл хараа хяналтгүй хүүхэд бүртгэгдээгүй байна.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Төгс зохицол төрийн бус байгууллагатай хамтран судалгаанд хамрагдсан иргэдийг эмнэлгийн анхан шатны үзлэг шинжилгээ болон сэтгэл зүйн сорилд хамруулжээ. Тус иргэдээс байнгын архи хэтрүүлэн хэрэглэдэг найман иргэнийг дотор, зүрх судас, чих хамар хоолой, сэтгэц наркологийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд нэг иргэн сэтгэц, зан үйлийн өөрчлөлттэй нь тогтоогдсон учраас Сэтгэц наркологийн тасагт хүлээлгэн өгчээ. Гэр оронгүй тус иргэд нь үргэлж архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэж урин дулааны цагт хаа сайгүй хоноглодог бол хүйтний улиралд дулааны худаг, байрны орц, подваль зэрэг даарахгүй хорогдох боломжтой газруудад хоног төөрүүлдэг аж.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ