Ромын төвд “Монголын цаг” арга хэмжээ болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Италийн нийслэл Ром хотод хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Festival della Diplomazia” наадмын үеэр Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам 10 дугаар сарын 23-ны өдөр “Монголын цаг” арга хэмжээг Ромын төв Термини галт тэрэгний буудлын “Меркато Чентрале ди Рома”-гийн уулзалтын танхимд зохион байгуулав.
Элчин сайд Ц.Жамбалдорж Монголын түүх, соёл, аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, Монгол-Италийн харилцааны талаар дэлгэрэнгүй ярьж, манай нүүдэлчин ахуй, зан заншил, хөрөнгө оруулалтын орчин, хоёр хөрштэйгээ явуулж буй харилцаа, хамтын ажиллагааг сонирхсон гадаадын иргэдийн асуултад тодорхой хариулт өгөв.
“Festival della Diplomazia”наадамд аль болох олон оролцогчдыг хамруулах үүднээс энэхүү арга хэмжээг олон нийтийн газар зохион байгуулдаг уламжлал тогтжээ."Монголын цаг" өдөрлөгт ЭСЯ-ны хамт олон улс орныхоо тухай сэтгүүл, товхимол, мэдээлэл тарааж, ирсэн зочид гийчдийг монгол хоолоор дайлав.