“Номын баяр” өдөрлөг болж байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-09-22 16:41:24
Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаргийг “Үндэсний Номын баярын өдөр” болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баяр нь номыг эрхэмлэн дээдэлсэн, түүний охь шимийг хүртэгсэд, түгээгчдийн хуран чуулдаг өдөр юм. Энэ жилийн номын баярын гол онцлог нь хүүхэд багачуудыг багаас нь номтой нөхөрлүүлэхэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор болж байна.
Мөн энэ жил Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба, Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэн, Төрийн шагналт, зохиолч Ч.Ойдов, зохиолч Д.Даржаа нарын мэндэлсний 100 жил, Төрийн шагналт, зохиолч Ч.Чимидийн 90, Монгол Улсын СГЗ, Төрийн шагналт, зохиолч А.Гармаагийн 80, яруу найрагч Д.Нямсүрэнгийн 70, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын мэндэлсний 60 жилийн ой тохиож байгаагаараа ихээхэн онцлог юм.
 “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага нь ном хэвлэлийн салбарын хамт олонтой жил бүрийн хавар, намар “Номын баяр”-ын үйл ажиллагааг зохион байгуулж, номын садан нөхөдтэйгөө нэг өдрийг хамтдаа өнгөрөөдөг уламжлалтай. Энэ удаагийн баярыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, МОНЦАМЭ агентлаг, Үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан, Монголын хөтлөгчдийн холбоо, Бамбууш ХХК дэмжиж хамтран ажиллаж байна.
МОНЦАМЭ агентлагийн хувьд монгол, орос, хятад, англи, япон таван хэлээр “Монголын мэдээ” сонин, босоо бичгээр “Хүмүүн бичиг” сонин, англи хэлээр “Mongolii today” сэтгүүл зэрэг цаасан хэвлэлийг эрхлэн гаргахын зэрэгцээ агентлагийн уран бүтээлчдийнхээ бүтээл номыг хэвлэн “жил бүрийн “Номын баяр”-т оролцож ирсэн уламжлалтай.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд