Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас иргэдэд 350 гаруй сая төгрөгийн хохирол учирлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-21 13:49:52
Өвөрхангай /Монцамэ/. Энэ сарын 18-ны оройн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн нутагт хүчтэй мөндөр, аадар бороо орж, хуй салхи дэгдсэний улмаас 41 айл өрхөд 350 сая төгрөгийн хохирол учраад байна.

Тухайн үед сумын эрчим хүчийг засварлах шаардлагаар хязгаарлаад байсны зэрэгцээ уг гамшигт үзэгдэл нь сумын төвийн баруун урд хэсгийг дайран өнгөрсөн учраас харьцангүй бага өртсөн гэдгийг Засаг дарга О.Лхагвасүрэн хэлж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн,13 байшингийн дээвэр хуурч, цонх хагарсан, зуны зургаан байшин бүрэн нурсан ба 13 настай иргэн Д нуруу нь гэмтсэн, 38 настай иргэн Ц толгой нь хагарсан байдалтайгаар эмнэлгийн тусламж авчээ.

Урд өмнөх жилүүдэд ганц, нэг айлын хашаа нурах хэмжээнд байгалийн аюулт үзэгдэл болж байсан бол энэ удаа олон айл өрхийг хамарсан нь байгаль, цаг агаарын томоохон анхааруулга боллоо гэдгийг сумын удирдлагууд хэлж байлаа. Гамшгийн улмаас 13 айл өрх орон гэргүй болсныг аймгийн болон улсын Онцгой комисст мэдүүлж, олон нийтээс тусламж дэмжлэг хүсээд байгаа ба аймгийн Онцгой байдлын газраас газар дээр нь ажиллан хохирлын үнэлгээг тогтоогоод байна.

Энэ үеэр цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, долоон тулгуур багана унасан тул ЭБЦТС-ийн Өвөрхангай дахь салбарын ажилтнууд ажиллаж, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж өгчээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ