Багшлах эрхийн шалгалтад 88 залуу багш оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-05 10:14:56
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн БСУГазарт “Багшлах эрх”-ийн шалгалт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн шалгалт цахимаар бүртгүүлсэн 88 залуу багш нар оролцож байгаа юм.

Багшаар ажиллах эрхийн шалгалтын бүртгэлийг хоёр болон долоодугаар сард цахимаар явуулж, гурав болон наймдугаар сард "Багшлах эрх"-ийн шалгалт авдаг. Өнгөрсөн гуравдугаар сард явагдсан "Багшлах эрх"-ийн шалгалтад 76 орж 44 хүн тэнцсэн бол 2016 оны наймдугаар сард 78 шалгуулагч орж 18 хүн тэнцжээ.

Залуу багш нар 70 онооны тестийн шалгалтаас 40 буюу түүнээ дээш оноо авсан хүн дараагийн 30 онооны эсээ бичлэгийн шалгалт өгнө. Эсээ бичлэгийн хариу 7-10 хоногийн дараа гарах бол тестийн шалгалтын хариу шалгалт өгч дууссаны дараа хоёр минутын дараа гарна. Шалгалтад нийт 70-аас дээш оноо авсан хүн багшлах эрхтэй болно.

Өнгөрсөн хугацаанд шалгалтад орж байгаа залуу багш нарын хувьд багшийн ажлын байранд үйлчилдэг эрх зүйн акт болон дидактик, сурган сэтгэл судлалын онолын мэдлэг тааруу байна гэж Боловсрол соёл, урлагийн газрын Математик, физикийн сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Намжилмаа хэллээ.

Тэрээр цааш хэлэхдээ, “Боловсролын тухай хууль”-нд цэцэрлэг, сургуулийн багш багшлах эрхтэй байна гэж заасан байдаг. Гэтэл багшлах эрхийн шалгалтыг заавал нэг жил ажиллаж байж багшлах эрхийн шалгалтад орох хоёр хуулийн цоорхой байдаг. 2014 оны найман сараас хойш багшаар ажиллах хүсэлтэй залуу багш нарт нэг жил “түр багш”-аар ажиллах эрх олгож, жилийн дараа түр эрхээ “үндсэн багш” болгож баталгаажуулах зохицуулалттай явж байгаа гэв. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ