Иран, ОХУ, Умард Солонгосын эсрэг хоригийг хэвээр үлдээхийг Д.Трамп дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-25 09:27:05
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Орос, Иран, Умард Солонгосын эсрэг хоригийг хэвээр үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа ба эдгээр орнуудын эсрэг хязгаарлалтуудыг өөрчлөх бодолгүй байгаа аж. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сара Сандерс сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Түүний мэдээлснээр, Конгрессын боловсруулсан шинэ хориг арга хэмжээг төрийн тэргүүн судлахдаа, эдгээр арга хэмжээнүүд нь АНУ-ын хувьд “сайн шийдвэр” байж чадах уу гэдгийг нягталж байгаа аж.

“Ерөнхийлөгч дээр дурдсан гурван орны эсрэг хоригийг хэвээр байлгахыг дэмжиж байгаа гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгч эдгээр хоригийг өөрчлөх гээгүй, гэхдээ бид Америкийн ард түмний хувьд хамгийн ашигтай шийдвэрийг гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байхыг хүсч байгаа” гэж С.Сандерс Иран, ОХУ, Умард Солонгосын эсрэг хоригийг чангатгах тухай шинэ хуулийн төслийн талаарх Ерөнхийлөгчийн байр суурийг тайлбарлажээ.

“Ерөнхийлөгч одоогийн байдлаар уг төслийг судалж байна. Бид Ерөнхийлөгчийн шийдвэрийн талаар цаг тухайд нь мэдээлж байх болно” гэж Цагаан ордны төлөөлөгч хэлсэн байна.

Дээрх хуулийн төсөлд Иранд үзүүлэх шахалтыг хүчтэй болгох, мөн Оросын эсрэг хоригийг ихээхэн өргөжүүлэх талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ. Өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төсөлд БНАСАУ-ын эсрэг шинэ хоригийг мөн оруулсан юм.

Тухайлбал, уг хуулийн төсөлд Украины зүүн өмнөд нутгийн нөхцөл байдал, Крымыг Орост нэгтгэсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан зарлигийг үндэслэн өнгөрсөн жилүүдэд авсан хориг арга хэмжээнүүдийг хууль тогтоох түвшинд баталгаажуулах талаар тусгасан байна. Мөн санал болгож буй нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгч асан Б.Обама 2016 оны сүүлчээр Америкийн улс төрийн институцүүд рүү кибер халдлага хийсэн хэрэгт сэжиглэгдэж буй ОХУ-ын иргэдийн эсрэг авсан хязгаарлалтуудыг хамарч байгаа юм. Хэрвээ хуулийн төсөл Төлөөлөгчдийн танхимаар батлагдаж, Ерөнхийлөгч гарын үсэг зурах аваас дээрх хоригийг зөвхөн өөр хууль батлах замаар өөрчлөх боломжтой. АНУ-ын Засаг захиргаа өөрийн дураар хоригийг өөрчлөх эрхгүй болох ажээ. 

Хуулийн төслийн талаарх санал хураалт Конгрессын Төлөөлөгчдийн танхимд өнөөдөр /мягмар гараг/ болно.
О.Барс 

 

 

 

Холбоотой мэдээ