Саудын Аравиас ирж буй зорчигчдод тавьсан хязгаарлалтаа АНУ цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-18 13:05:51
ВАШИНГТОН. /Anadolu/. Саудын Аравиас АНУ-д ирж буй агаарын тээврийн зорчигчдод гар утаснаас том хэмжээтэй цахим тоног төхөөрөмж авч явахыг хориглосон шийдвэрээ өнгөрсөн даваа гарагт Д.Трампын засаг захиргаа цуцаллаа.
 
"Saudi Arabia Airlines” буюу “Saudia” гэдэг нэрээрээ танигдсан агаарын тээврийн компани нь өнгөрсөн гуравдугаар сард Д.Трампын засаг захиргаанаас гаргасан дээрх хязгаарлалтаас чөлөөлөгдөөгүй үлдсэн сүүлчийн компани юм. 

“Saudia” компани болон түүний эзэмшлийн "Jeddah" олон улсын нисэх онгоцны буудалд уг хоригийг цуцлахын өмнө “шаардагдах аюулгүй байдлын анхдагч арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн” тухай тус улсын Тээврийн аюулгүй байдлын газар /TSA/  мэдэгджээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын газраас өнгөрсөн сарын сүүлчээр аюулгүй байдлын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн ба эдгээр нь террористууд цахим төхөөрөмжинд тэсрэх бодис нуун нисэх онгоцонд орохоос сэргийлэх зорилготой байсан юм. Удалгүй уг хоригийг 9 агаарын тээврийн компанийн хувьд цуцалж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд үлдсэн нь “Saudia” ажээ.

Ойролцоогоор 150 орны 280 гаруй нисэх онгоцны буудал, гадаадын болон АНУ-ын нийт 180 гаруй агаарын тээврийн компанид уг аюулгүй байдлын хатуу арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.

“Saudia”-гийн мэдээлснээр, лхагва гараг гэхэд цахим төхөөрөмжийг онгоцонд авч орохыг хориглосон шийдвэрийг бүрмөсөн цуцлах төлөвтэй байгаа аж.  
 
Х.Сарнай 
 
 
Холбоотой мэдээ