Япон улс ядууралтай тэмцэхэд 1 тэрбум доллар хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-18 10:12:21
ТОКИО./TASS/. Дэлхий даяарх ядуурал, өлсгөлөнтэй тэмцэхийн тулд НҮБ-ын тавьсан зорилтын хүрээнд Японы Засгийн газар 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хүүхэд, өсвөр насныханд зориулан 1 тэрбум долларын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай даваа гарагт Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида Нью-Йоркт болж буй тогтвортой хөгжлийн асуудлаарх чуулга уулзалтад оролцон үг хэлэхдээ мэдэгдлээ.

“Япон улс хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулан 1 тэрбум долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хөрөнгийг эн түрүүнд боловсрол, эрүүлийг хамгаалах, байгалийн гамшгийг арилгах, жендерийн тэгш байдлыг хангахад зориулан зарцуулах юм. Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд Япон улс нийгэмд нэг ч хүнийг анхаарлын гадна үлдээхгүй байхын тулд янз бүрийн боломжуудыг бий болгоно” гэж сайд хэлснийг Kyodo агентлаг иш татжээ.

2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтад оролцогчид 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг баталсан юм. Уг төлөвлөгөө нь 17 үндсэн зорилт, 169 дэд зорилтоос бүрдсэн бөгөөд тэдгээрийн дотор ядуурлыг арилгах, хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнтэй тэмцэх, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах, жендерийн тэгш байдлыг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх, далайн экосистемийг хамгаалах гэх зэрэг асуудал багтсан байна.
О.Барс 

 



Холбоотой мэдээ