Африк гаралтай америк иргэнийг буудан хөнөөсөн цагдааг цагаатгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-22 13:34:30
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Висконсин муж улсын Милуоки хотын тангарагтны шүүх ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ хар арьстан залууг буудан амийг нь бүрэлгэсэн цагдааг цагаатгажээ. Энэ тухай “Associated Press” агентлаг мэдээллээ.

Шүүгчид бүтэн хоёр өдрийн турш зөвлөлдсөний эцэст хар арьстан цагдаа Доминик Хегган-Браун санамсар болгоомжгүйгээр 23 настай Силвел Ки Смитийг буудан хороосон хэрэгт буруугүй гэж үзжээ.

Уг хэрэг явдал 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гарсан байна. Цагдаагийн ажилтан Хегган Браун эрх зүйн зөрчил олонтоо гаргасан гэх С.Смитийн араас хөөн гүйж явахдаа түүнийг бууджээ. Энэ үед С.Смит дээрэм хийн олж авсан буугаараа зэвсэглэсэн байсан аж.

Энэ хэрэг явдал гарсны дараа мөрдөн байцаалт явагдах хугацаанд Хегган Брауныг ажлаас нь түр чөлөөлсөн ба 2016 оны намар С.Смитийн үхэлтэй холбоогүй өөр нэгэн зөрчил гаргасных нь дараа түүнийг ажлаас нь бүрмөсөн халжээ.

Хар арьстан залууг буудан хөнөөсөн хэрэг гарсны дараа Милуоки хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал хэд хэдэн удаа гарч, олон хүн баривчлагдсан төдийгүй тус хотод хөл хорих цаг тогтоож байжээ. Энэ үед тус хот руу АНУ-ын Үндэсний гвардийг илгээхэд бэлэн байгаагаа эрх баригчид мэдэгдэж байсан юм.
О.Барс 


 

Холбоотой мэдээ