П.Порошенко Д.Трамп нар анх удаа уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-21 08:45:09
ЛОНДОН./BBC/. Оросын эсрэг авсан бидний хориг арга хэмжээ Украины зүүн нутгаас Оросын цэргүүд гарах хүртэл үргэлжлэх болно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын анхны уулзалтын дараа мэдэгдэв.

“Энэ бол бидний хориг тавих болсон гол шалтгаан юм, иймд оросууд Украины зүүн нутгаас гарах хүртэл Оросын эсрэг хориг үйлчилсээр байх болно” гэж “Reuters” агентлаг Ш.Спайсерын хэлснийг иш татжээ.

Хэдхэн цагийн өмнө хоёр Ерөнхийлөгчийн анхны уулзалт болж өнгөрсөний дараа П.Порошенко өөрийн “Facebook” хуудсандаа "Оросын эсрэг хориг хүчинтэй хэвээр үргэлжилнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч батлан хэлсэн" гэж бичжээ.

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэр Крымийг буцааж өгөхөөс нааш, Украины эсрэг Оросын түрэмгийллийг зогсоохоос нааш Оросын эсрэг тавьсан хоригийг цуцлахгүй гэсэн тов тодорхой баталгааг надад өгсөн” гэж Украины Ерөнхийлөгч бичжээ.

Үүнээс гадна хоёр Ерөнхийлөгч Крым болон Орост хоригдож буй Украины иргэдийг суллах боломжийн талаар ярилцсан байна.
О.Барс 

 


Холбоотой мэдээ