Үндэсний хурлын сонгуулийн дараа Францын Засгийн газар огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-20 08:56:25
ПАРИС./TASS/. Ням гарагт болсон парламентын сонгуулийн дүнгээр Францын Засгийн газар огцорлоо гэж Елисейн ордны мэдэгдэлд дурджээ.

“Бүгд найрамдахчуудын уламжлалын дагуу парламентын сонгуулийн дараах өдөр Ерөнхий сайд Эдуар Филипп тус улсын Ерөнхийлөгч Э.Макронд огцрох хүсэлтээ гаргасан ба уг хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авлаа” хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ.

Уг мэдэгдэлд дурдсанаар, Францын сайд нарын танхимын шинэ бүрэлдэхүүнийг 6 дугаар сарын 21-нд орон нутгийн цагаар 18:00 цагт зарлах юм.

Парламентын сонгуулийн дүнгээр Засгийн газар огцрох нь Францын улс төрд уламжлал болсон зүйл юм. Ерөнхийлөгчийн “Урагшаа” хөдөлгөөн итгэлтэй ялалт байгуулсны дараа байгуулагдах сайд нарын шинэ танхимд маш бага өөрчлөлт орох юм.

Францын парламентын доод танхим /Үндэсний хурал/-ын сонгуулийн 2 дахь шатны санал хураалт 6 дугаар сарын 18-нд болсон юм. Сонгуулийн дүнгээр, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны удирдсан “Урагшаа” хөдөлгөөний нэр дэвшигчид парламентын доод танхимын 577 суудлаас 308-ыг нь авсан бол тус хөдөлгөөний холбоотон болох “Ардчилсан хөдөлгөөн” нам 42 суудал авчээ. 

Ингэснээр Э.Макроны удирдсан хөдөлгөөн Үндэсний хуралд үнэмлэхүй олонх болж байгаа юм.

Баруун төвийн үзэлт Бүгд Найрамдах нам 113 суудал, Социалист нам 29, баруун төвийн үзэлт “Ардчилсан үзэлтнүүд ба бие даагчдын холбоо” 18, Жан Люк Меланшоны удирдсан “Үл бууж өгөх Франц орон” нам 17, Францын Коммунист нам 10, Марин Ле Пений удирдсан “Үндэсний фронт” нам 8 суудал тус тус авчээ.
О.Барс

 

Холбоотой мэдээ