Умард Солонгосоос суллагдсан америк оюутан нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-20 08:54:03
ВАШИНГТОН./VOA/. Умард Солонгост хоригдож байгаад суллагдсан Америкийн оюутан Отто Уормбиер ухаангүй байдалтайгаар эх орондоо ирснээсээ хойш долоо хонолгүй нас баржээ.

22 настай оюутан О.Уормбиер даваа гарагт нас барсан тухай түүний эцэг эх нь мэдэгдсэн байна.

О.Уормбиер 2016 оны нэгдүгээр сараас хойш Умард Солонгост хоригдож байгаад өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт суллагдан эх орондоо ирсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэрбээр хоригдож байх хугацаандаа ухаангүй байсан бололтой.

Түүний хэвтэн эмчлүүлж байсан Огайо муж улсын эмнэлгийн эмч нарын хэлснээр, тэрбээр тархиндаа гэмтэл авсан байсан бөгөөд бусдын асуусан зүйлд хариу өгч, ярьж чадахгүй байжээ.

“Хүүгийн минь биеийн байдал муу байгааг мэдсээр байж эмнэлгийн тусламж үзүүлээгүй” гэж Умард Солонгосын шоронгийн албаны хүмүүсийг О.Уормбиерын эцэг буруутгаж байна.

Зочид буудлаас суртал нэвтрүүлгийн уриа лоозонг хулгайлж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр О.Уормбиерыг Умард Солонгосын эрх баригчид хүнд дэглэмтэй хорих ангид 15 гаруй сар хорьсон юм.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ