Португалд дэгдсэн ойн түймэрт өртөн 62 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-19 09:14:47
ЛОНДОН./BBC/. Португалын төвийн нутагт дэгдсэн ойн түймэрт өртөн наад зах нь 62 хүн амиа алджээ. Эдгээр хүмүүсийн сууж явсан автомашинууд зам дээр байх үед их гал нөмрөн авсан байна.

Автомашинууд дотор 30 хүний цогцос олдсон бол түймрээс зугтан шатаж буй ой дундуур алхаж явсан 17 хүний цогцос зам дээр байжээ. Мөн Педроган-Гранди гэдэг тосгонд 11 хүний цогцос олдсон байна. Амиа алдсан хүмүүсийн дотор 4 хүүхэд байжээ.

Ой түймэр гарсан газарт гал командын 160 машин, мянга гаруй гал сөнөөгчид ажиллаж байгаа боловч нөхцөл байдлыг хяналтандаа оруулж чадахгүй байна.

Португалын Ерөнхий сайд ойн түймрийг “эмгэнэлт явдал” гэж нэрлэлээ. Ерөнхийлөгч Марселу Ребелу ди Соза түймэр гарсан газарт очиж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан байна.

Португалын зарим бүс нутагт сүүлийн өдрүүдэд халуу шатаж, агаарын хэм +40-өөс буухгүй байгаа аж.

Тус улсад голдуу 8 дугаар сард хуурайшилт ихтэй үед ойн түймэр дэгддэг байна. Жилийн өмнө болсон ойн түймрийг унтраахад 4 мянган гал сөнөөгч, 26 нисэх онгоц оролцож байжээ.

Х.Сарнай
 
Холбоотой мэдээ