ЭЕШ өгөхөөр сумдаас ирсэн сурагчдыг дотуур байранд байрлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-15 00:23:05
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр монгол бичгийн шалгалтаар эхэлж байна. Төв аймгаас ЭЕШ-д нийт 954 шалгуулагчид оролцож байгаа юм.

Өнгөрсөн хичээлийн жилд ЭЕШ-аар нийт 934 шалгуулагч оролцсон бол энэ жил нийт 954 шалгуулагч оролцож байна. Үүнээс өдрөөр 12-р ангийн 916 сурагч, өмнө жил ЭЕШалгалт өгч байсан 38 шалгуулагч байгаа ажээ. 

Мөн өнгөрсөн жил хөдөө орон нутаг, сумдаас ирж байгаа шалгуулагч нарт байрлах байрны асуудал хүндрэлтэй байсан. Тэгвэл энэ жил ЭЕШ-д оролцохоор хөдөө орон нутгаас ирэгсдийг Зуунмод сумын ЕБС-иудын дотуур байранд байрлуулж байгаа хэмээн аймгийн БСУГ-аас мэдээллээ.

Өнөөдөр зарим шалгуулагчид бүрдүүлэх ёстой үндсэн бүрдүүлэх ёстой дөрвөн материал болох “бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг” зэргийг орхигдуулах тохиолдол ажиглагдсан гэдгийг албаныхан хэлж байна. Иймд шалгуулагчид шалгалтыг өгөх байранд нэг цагийн өмнө очсон байх, үндсэн бүрдүүлэх дөрвөн материалыг аль нэгийг орхигдуулахгүй байхыг албаныхан зөвлөсөн юм.

ЭЕШ-ын урьдчилсан монгол бичгийн шалгалтыг “Хүмүүн цогцолбор” сургуулийн мэргэжлийн болон мэргэжлийн бус багш нараас бүрдсэн нийт 44 хянагч багш нар, 19 анги, танхимд зохион байгуулж байна. 

Улс орон даяар болж байгаа ЭЕШ-т энэ сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.  Маргааш буюу зургадугаар сарын 15-нд 10:00 цагт “Англи хэл”-ний шалгалтаар эхэлж, 13:00 цагт “Хими”-ийн хэчээлээр үргэлжилж, 16:00 цагт Монгол улсын түүх”-ийн хичээлээр өндөрлөнө. Нөгөөдөр буюу зуравдугаар сарын 16-нд шалгалтгүй өнжих бол 17-18 өдрүүдэд үргэлжилнэ.
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ