Сингапурт суугаа монголчууд дунд сагсан бөмбөгөөр өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-27 13:24:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн”-ийг тус улсад сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн дунд энэ сарын 22-ны өдөр “Republic Polytechnic” сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
 
Тав дахь жилдээ болж буй сагсан бөмбөгийн тэмцээнийг “Resorts World Sentosa” болон Монгол Улсын Соёлын элч Энди Вонг ивээн тэтгэж оролцсон бөгөөд тэмцээнд түрүүлсэн эрэгтэй багт Элчин сайдын нэрэмжит шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагнал, багийн гишүүн бүрт "Resorts World Sentosa" гишүүнчлэлийн карт, Монгол цаг тооны бичиг, Boss Pizza-аас үнэгүй хоол захиалах эрхийн бичгээр шагнаж урамшуулав.
 
Тэмцээнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж нээн үг хэлж, төрийн дууллаа эгшиглүүлснээр эрэгтэй, эмэгтэй баг хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж, ширүүн өрсөлдсөний эцэст эрэгтэй нэгдүгээр байранд Монголын хөлөг онгоц бүртгэлийн компанийн Ч.Эрдэнэбат ахлагчтай “MSR” баг /багийн гишүүд: Ч.Батбаяр, Х.Нарангэрэл, Б.Гүнбилигт, Э.Саруулбат, М.Баттүшиг, Эрдэнэбат/, хоёрдугаар байранд Т.Лхагвадорж ахлагчтай “Элчин” баг, гуравдугаар байрыг Д.Батбаяр ахлагчтай “MBM 14” баг эзэлсэн бол эмэгтэй нэгдүгээр байранд Ю.Туяацэцэг ахлагчтай “Элчин” баг /багийн гишүүд: Г.Уянга, Б.Тэмүүлэн, Ч.Саранзул, Д.Гантулга, Б.Маралгуа, Д.Жавзандулам/, хоёрдугаар байранд Д.Цэрмаа багийн ахлагчтай “Цоглог” баг, гуравдугаар байранд Б.Батчимэг ахлагчтай “Dream Team” баг тус тус эзэллээ.
 
Мөн түүнчлэн тэмцээний үеэр хамгийн олон бөмбөг оруулсан “мэргэн бууч”-аар “MSR” багийн М.Баттүшиг (эрэгтэй), “Цоглог” багийн Н.Солонго (эмэгтэй) нар тодров.
 
ЭСЯ-аас тэмцээний үеэр аав ээж, ах эгч нараа хөгжөөн дэмжихээр ирсэн бяцхан хүүхдүүдийн дунд насны ангиллаар хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, авхалж самбааг нь уралдуулсан бөгөөд шагналт байранд орсон хүүхдүүдэд алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж, оролцсон бүх бяцхан жаалуудаа Элчин сайдын гарын бэлгээр урамшууллаа.
Холбоотой мэдээ