“Өвөрхангайн бахархал – Л.Аюуш” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-07 17:41:38

Өвөрхангай \МОНЦАМЭ\ Өвөрхангайн түүх, соёлын биет болон биет бус өвийг залуу хойч үедээ сурталчлан таниулах, түүхэн хүмүүсийн алдар гавьяаг урлаг уран сайхны арга хэлбэрээр мөнхжүүлэн алдаршуулах зорилготой “Өвөрхангайн бахархал” төсөл хэрэгжиж эхэллээ.

Уг төсөл нь “Өвөрхангайн бахархал – Л.Аюуш” дэд төслөөр хэрэгжиж эхлээд байгаа ба 10 орчим үйл ажиллагаа явагдаж байна. Тухайлбал түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Гуулин ээмэг" түүхэн драмын жүжгийг Аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид тайзнаа амилуулах ажээ. Тус жүжгийн зохиолыг Төгрөг сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Өсөх-Эрдэнэ бичсэн байна. Тэрээр хэлэхдээ: "Нутгийн хөгшчүүдийн яриа хөөрөөнд үндэслэн нэлээд чамбай бүтээл гаргахыг хичээж бичсэн. Ерөнхийдөө уран сайхны хийсвэрлэл тун багатай,  баатрын амьдралыг л тод харуулсан бүтээл болсон." гэлээ. Жүжгийн найруулагчаар Аймгийн ХДТ-ын ерөнхий найруулагч Э.Дашзэвэг ажиллаж байна.

Төслийн хүрээнд мөн "Гуулин ээмэг" нэртэйгээр Л.Аюуш баатрын амьдралын  бүхий л түүхийг өгүүлсэн ном хэвлэгдэн гарах бол баримтат үзэсгэлэнг 2017 оны 4-р сарын 7,8 ны өдрүүдэд зохион байгууллаа. Түүнчлэн Төгрөг сумын ЗДТГ-тай хамтран Л.Аюуш баатрын нэрэмжит "Монгол Улсын төлөө зүтгэе" яруу найргийн наадмыг 2017 оны 4-р сарын 08-ны 16:00 цагт Аюуш баатрын талбайд зохион байгуулах ажээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Л.Аюуш баатрыг хэн сайн мэдэх вэ?” шилдэг бүтээл, уран илтгэлийн уралдаан зарлаад байна.

Энэ мэтчилэн Л.Аюуш баатрыг олон нийт, хойч ирээдүй үед таниулан алдаршуулах зорилготой олон ажил хийгдэж байгаа бөгөөд энэ үеэр түүний тухай түүхэн баримтуудыг цуглуулан аймгийн Архивын газар болон бусад холбогдох байгууллагуудад хадгалуулах аж.

Уг төслийг санаачлагч, зохион байгуулагч Г.Ариунзаяа хэлэхдээ: "Зөвхөн энэ дэд төслөөр хязгаарлагдахгүй, олон төслийг цаашид хэрэгжүүлэх болно. Бид Өвөрхангайнх гэж хоосон бардамнах биш, үүх түүхээ мэддэг, хүндэлдэг, үнэ цэнийг нь ойлгодог оюунлаг аймаг болохын төлөө хичээн ажиллах болно." гэлээ. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ