Баруунбаян-Улаан сумаас “Аймгийн аварга малчин” хоёр төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-20 23:57:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил Өвөрхангай аймгийн Баяруунбаян-Улаан сумаас “Аймгийн аварга малчин” хоёр төрсний нэг нь Бямбасүрэнгийн Баярсайхан юм. Тэднийх сумын төвөөс зүүн тийш Өшгөгийн нурууны өвөр талд “Луу” хэмээх газар хаваржаандаа буусан байв.

Цаг сайхан, мал тараг тэвээрэгтэй учраас эрт хаваржаалсан гэнэ. Б.Баярсайхан мөн л удам залгасан малчин хүн. Түүний ээж Ц.Бямбасүрэн насаараа мал малласан, ажилсаг хөдөлмөрч эмэгтэй юм.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Өмчийн хэлтсийн дарга Г.Ганболд залуу малчин Б.Баярсайхан болон түүний гэргий П.Мөнхравжих нарт “Аймгийн аварга малчин”-ы шагналыг гардуулан өглөө. Аймгийн удирдлагууд аварга болсон малчдадаа зэс бүслүүртэй агар хувин, батламж, энгэрийн тэмдэг, дурсгалын зүйл, Өвөрхангайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зэргийг гардуулсан юм.

Б.Баярсайхан 1995 оноос мал маллаж эхэлсэн бөгөөд энэ жил 1200 гаруй толгой мал тоолуулсан байна. Цагаан сараас эхлэн 400 гаруй мал төллүүлэх гэнэ. Тэрбээр “Манай нутагт өнөтэй сайхан өвөл боллоо. Мал ч тэр хэрээр тэвээрэг сайтай онд орж байна. Хаваржилт гайгүй байх болов уу гэж бодож байна” хэмээж байв. Мөн малч, бүтээлч энэхүү айлын баярыг хуваалцахаар нутгийн ах дүүс цугларсны дотор Монгол улсын аварга малчин, гавъяат нэгдэлчин Д.Намнандорж гуай ч байсан бөгөөд “Манай нутагт цас багатай, мал сүрэг тарган, хүн бүр баяр баясгалантай, өвлийг өнөтэй давлаа. Цаг агаар өгөөжтэй сайхан байхаар малчдын сэтгэл тэнүүн, мал тарган, намраараа байна. Сумаасаа хоёр залуу малчин аймгийн аварга болж байгаад их баяртай байна. Хөдөөгийн малчид бид нэгнийхээ жаргал, зовлон дээр цуглаж, хуваалцаж байх нь их чухал юм. Жаргал, зовлон хоёрыг чинь олноороо хуваалцах учиртай юм шүү дээ. Сүүлийн үед залуучууд сум, аймгийн аварга болж байна. Үүнд ахмад малчин хүний хувьд их талархаж явдаг” гэлээ.

Шагнал гардуулах дараагийн айл маань Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн малчин Шагдарын Чимэдбавуугийнх байв. Тэднийх “Үлэмж” хэмээх газар хаваржаалсан байх бөгөөд аваргын баярыг хуваалцахаар нутгийн ахан дүүс хэдийн цугласан байсан юм.

Ш.Чимэдбавуу мөн л удам залгасан малчин. Түүний аав нутаг усандаа алдартай адуучин хүн байсан. “Нийгмийн хонгор” хэмээх алдартай хурдан мор нь сумынхаа наадамд найман удаа түрүүлж, найман удаа аман хүзүүдэж байсан алдарт уяач хүн байлаа. Мөн ах Ш.Бямба-Очир нь 2013 онд “Аймгийн сайн малчин” болсон.

Аймгийн аварга малчин Ш.Чимэдбавуу “Энэ жил аймгийн аварга малчны гэргийд нь шагнал олгож байгаа нь сайшаалтай хэрэг. Малчин хүний хөдөлмөр хамтын хөдөлмөр байдаг. Хань ижилтэйгээ адилхан зэрэг зүтгэж байж л амжилтанд хүрдэг. Миний хөдөлмөрийн тал хувийг эхнэр минь үүрч явдаг юм” гэж байлаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ