Гал бичин жилийн алдартнууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн улс төр, нийгмийн мэдээллийн тогтмол хэвлэл "Өвөрхангайн Элч" сониноос цагаан сарын баярыг угтан гал бичин жилд ажил үйлс, амжилт бүтээлээрээ олон түмнийг манлайлж, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан есөн хүнийг “Оны 9 алдартан”-д олон нийтийн саналаар тодрууллаа.
Алдартанд тодорхойлох хүмүүсийн нэрсийг аймгийн ЗДТГ, БСУГ, ХХААГ, БОАЖГ, ЭМГ, БТСГ, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс зэрэг албан байгууллагуудаас авсан бөгөөд нийт 23 хүн нэр дэвшиж, "Өвөрхангайн элч" сонины 03/691 дугаар болон ekhoron21.mn сайтад нийтлэн олон нийтэд танилцуулсан билээ.
Нэр дэвшигчдийг дэмжсэн саналыг авахдаа сонины хайчилбар, 100 хүнээс авсан санал асуулга, facebook, мессеж зэргээр өгсөн санал, тусгай дугаарын дуудлагаар дүнг гаргаж, алдартнуудыг тодруулаад байна.
Гал бичин жилийн Улс төрийн алдартнаар Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Хууль, эрх зүй, хяналтын салбарын алдартнаар аймгийн МХГ-ын Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Б.Цэндсүрэн, Боловсролын салбарын алдартнаар Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн, Соёлын салбарын алдартнаар аймгийн Төв номын сангийн номын санч, мэдээллийн ажилтан С.Энхтогтох, Эрүүл мэндийн салбарын алдартнаар Хайрхандулаан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.Батжаргал, Байгаль орчны салбарын алдартнаар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Анхтуяа, Биеийн тамир, спортын салбарын алдартнаар аймгийн БТСГ, Их Монголын хүчтэн дэвжээний дасгалжуулагч Э.Баттүшиг, Бизнес, үйлчилгээний салбарын алдартнаар "Хурдан хээрийн буян” малчдын хоршооны тэргүүн Д.Батдорж, Хөдөө аж ахуйн салбарын алдартнаар Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн малчин Н.Бямбадорж нар тус тус шалгарлаа.
“Гал бичин жилийн 9 алдартан”-д өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг хүндэтгэх шалтгааны улмаас хойшлуулж, шинийн 8-ны билигт сайн өдөр буюу 3 сарын 6-нд зохион байгуулахаар товлоод байна.
Б.Батчимэг