Улаанбаатар-Зуунмодын автобус Мишээл төвөөс хөдөлдөг боллоо

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-12 18:29:50
Yesukheitumur Tumurbaatar

Улаанбаатар-Зуунмод сумын чиглэлд явах автобусны чиглэл өөрчлөгдсөн талаар авто тээврийн газраас мэдээлэв.

Төв аймгаас Улаанбаатар хотын Мишээл экспо төв, Мишээл экспо төвөөс Төв аймгийн Зуунмод руу явахаар болсон юм. Өөрөөр хэлбэл урьд нь Драгон үйлчилгээний төвөөс явдаг байсан бол энэ сарын 10-наас эхлэн Мишээл экспо төвийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс талбараа бичүүлээд хот хооронд зорчих боломжтой болсон гэнэ.

Төв аймгийн Засаг даргын захирамжаар “Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх нь” сэдэвт аян зохион байгуулагдсан юм. Энэ хүрээнд  Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар 1804 иргэнээс санал асуулга авч ажилласан байна. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 90.3 хувь нь Улаанбаатар дахь эцсийн буудлыг хотын төвд ойр байлгах зохимжтой гэж үзжээ. Иймд иргэдэд илүү чирэгдэл багатайгаар хотын төвд ойрхон зохион байгуулсан гэж албаны хүмүүс хэллээ.

Мөн Мишээл экспо төвийн хашаан дотор 61-ийн А болон Б гэсэн хоёр чиглэлийн автобусны эцсийн зогсоол байрладаг. Эдгээр автобуснууд Мишээл экспо, Цэцэг төв, Зүүн 4 н зам, Баян-монгол хороолол  зэрэг чиглэлд явдаг байна.

Дашрамд дурдахад, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф 2100 болсон нь иргэдийн болзошгүй эрсдэлээс хамгаалж амь нас эрүүл мэндийг нь даатгаж байгаа сайн дурын даатгал гэдгийг авто тээврийн газраас тайлбарлаж байсан юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ