Хүүхдийн түлэгдэлтийг багасгах сарын аян хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага” сэдэвт сарын аяныг 1-р сарын 18-аас 2-р сарын 28-ны өдрүүдэд Хархорин Нэгдсэн эмнэлэг, Есөнзүйл сумын Сум дундын эмнэлэг, сумдын болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж байна.
Бага насны хүүхдийн түлэгдэлтийн шалтгаан, нөхцөл, хор уршгийг танин мэдүүлэх, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх талаарх эцэг эх, асран хүмүүжүүлэгч, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэхэд аяны зорилго оршиж байгаа юм. Энэ хүрээнд бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг олон нийтийн сүлжээ, цахим хуудсанд түшиглэн зохион байгуулах, Орон нутгийн цэцэрлэгүүдийн багш, ажилтнуудад, бага насны хүүхэдтэй эцэг, эхэд түлэгдэлтээс сэргийлэх, анхны тусламжийг зөв үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, Эцэг, эх асран хамгаалагчдад зориулсан бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх чиглэлээр ТВ ярилцлага зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү аяныг эрчимтэй зохион байгуулсанаар эцэг, эх, асран хамгаалагчдын түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, чадвар нэмэгдэж, багш, ажилтнууд түлэгдэлтээс сэргийлэх зөвлөмж, сургалтын материалаар хангагдах, ахуйн осолд өртсөн хүүхдэд эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чадвар эзэмших зэрэг үр дүнг үзүүлэх аж.
Түлэгдэж нас барсан хүмүүсийн 70,3 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж, осол гэмтлийн улмаас нас барсан 5 хүртэлх насны 10 хүүхдийн 8 нь түлэгдэлтийн шалтгаантай байна. Түлэгдэж эмнэлэгт хандсан хүүхдүүдийн дийлэнх нь халуун цай, хоол, ус шингэнд түлэгдсэн байна.
Б.Батчимэг