Тэмээчдийн баяр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн говийн сумдын Тэмээчдийн зөвлөлгөөн, тэмээний баярын арга хэмжээ Гучин-Ус суманд боллоо. Төгрөг, Гучин-Ус, Баянгол, Богд, Баруунбаян-Улаан сумдын тэмээчид оролцсон энэхүү арга хэмжээгээр тэмээчдэд хоорондоо танилцах, туршлагаа хуваалцах, ажил хөдөлмөрийн үнэлэмжийг нь дээшлүүлэх, тэмээний үүлдэр угсааг сайжруулан үржлийн малаа солилцох зорилгыг тавьж, тэмээчдийн санал хүсэлтийг сонслоо.
Тус аймагт 1949 онд 87 мянган тэмээ буюу хамгийн олон тэмээ тоолуулж байсан бол түүнээс хойш тэмээн сүргийн тоо толгой байнга буурч 2006 онд 13011 тэмээ тоологдож байжээ. Харин сүүлийн жилүүдэд тогтвортой өссөөр өнөөдрийн байдлаар 26251 тэмээ тоологдож, өнгөрсөн жилээс 3000 тэмээгээр өссөн дүнтэй байна. Хэдийгээр тэмээ өссөн дүнтэй байгаа ч нийт мал сүргийнхээ дөнгөж 0,5 хувийг эзэлж байгаа нь хангалттай тоо биш юм.
Зөвлөлгөөнөөр Тэмээчдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь Богд сумын Засаг дарга н.Чинзоригийг сонгожээ. Бусад аймаг, сумын Тэмээчдийн холбоотой хамтран улс, бүс, аймаг, сумын тэмээний уралдаан, тэмцээн, үзэсгэлэн худалдаанд зохион байгуулалттай оролцож, тэмээн сүргээ сурталчлах, тэмээчдийн эрх ашгийг хамгаалах, төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, алдаршуулж, урамшуулах, тэмээтэй холбоотой зан заншил, өв уламжлалыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх, тэмээний гаралтай бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж үйлдвэрлэн борлуулах, ингэний сүү, цагаан идээний борлуулалтыг нэмэгдүүлэх, ботгондоо урамшуулал олгох, торомны ноосыг ашиглах зэрэг олон санал хүсэлт яригдаж, уриалга гаргалаа.
Зөвлөлгөөний дараа тэмээний уралдаан болов. “Хурдан тэмээний уралдаан”-д Богд сумын уяач н.Эрдэнэ-Баясгалангийн хар тэмээ түрүүлж, уяач н.Сумъяабаярын хүрэн тэмээ аман хүзүүдсэн бол “Хурдан торомны уралдаан”-д Төгрөг сумын уяач Ө.Сүхжаргалын хүрэн тором түрүүлж, Гучин-Ус сумын уяач н.Бямбатогтохын хүрэн тором аман хүзүүдлээ.
“Шилдэг буур”-аар М.Баттулгын хүрэн буур нэгдүгээр байр, О.Сэдэдийн хүрэн буур удаах байр, Ц.Пүрэвсүрэнгийн хүрэн буур гуравдугаар байрыг, “Шилмэл ингэ”-ээр Ш.Шийрэвсамбуугийн хүрэн ингэ нэгдүгээр байр, Д.Өлзийжаргалын шар ингэ хоёрдугаар байр, Я.Эрдэнэ-Очирын хүрэн ингэ гуравдугаар байруудыг тус тус эзлэв. “Сайхан тэмээтэй хос”-оор Гучин-Ус сумын тэмээчин Б.Даваадорж, Д.Долгор, Баруунбаян-Улаан сумын Т.Ядамсүрэн, Ч.Оюундэлгэр нар тэргүүн байранд шалгарлаа.
Мөн тэмээг уналга, ачилганд сургах уламжлалт зан үйл, ёс заншлыг харуулсан тэмцээнүүдийг тэмээчин залуусын дунд явуулав. Хангал тэмээ туйлуулах, буйллах, буйл зорох, бурантаг томох, тэмээ бугуйлдах зэрэг тэмцээнд тэмээчин залуус авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Гучин-Ус сумын сумын залуус түрүүлсэн юм.
Энэхүү уралдааныг Гучин-Ус сумын тэмээчин Г.Дэмбэрэл агсаны үр хүүхдүүд ивээн тэтгэж зохион байгуулсан бөгөөд түрүүлсэн тэмээг Гучин-Ус сумын уугуул Н.Батжаргал мотоциклиор байлсан юм. Бүсийн тэмээчдийн зөвлөлгөөн, тэмээний баярын арга хэмжээг ирэх жил Богд суманд зохион байгуулж, Гучин-Ус сумын тэмээчин н.Пансан, Ш.Болор-Эрдэнэ нар бай шагналыг нь даахаар боллоо.
Б.Батчимэг