Соёлын элч проф. Бернхардт Вульфф гэрчилгээгээ гардаж авав

Монголын мэдээ | Соёл урлаг
mn_tuul@montsame.mn
2016-12-26 09:29:35

Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллаж буй проф. Бернхардт Вульффыг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор 12 дугаар сарын 20-ны өдөр ЭСЯ-ндаа хүлээн авч, Соёлын элчийн шинэ гэрчилгээг гардуулан өгөв.

Гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, Монгол судлаач др. Ренате Борманн нар оролцлоо.

Монгол Улсын “Найрамдал” медалиар шагнуулж байсан проф. Б.Вульфф нь ХБНГУ-ын Фрайбург хотын Хөгжмийн их сургуульд багшилдаг бөгөөд 1998 оноос хойш Монголтой ойр дотно хамтарч ажиллаж байгаа билээ. Хөгжмийн зохиолч, удирдаач тэрээр залуу монгол уран бүтээлчидтэй хамтран „Туурайн Төвөргөөн” хөгжмийн фестивалийг санаачилж, тус фестиваль нь өнөөг хүртэл амжилттай зохион байгуулагдсаар байгаа болно. Монгол улсын хөгжмийн өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн санд бүртгүүлэн хамгаалж, олон удаа монголын урлаг, соёл, уран бүтээлчдийг Европын улс орнуудын төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцуулан дэмжлэг үзүүлсэн зэрэг чухал ажлуудыг гүйцэтгэсэн, монголын ихэнхи хөгжмийн чуулга, байгууллагуудтай хамтран ажилладаг, Монголын Урлагийн Зөвлөлийн Олон улсын зөвлөх хорооны гишүүн болон Хөгжим Бүжгийн коллежийн хүндэт багш юм.
Элчин сайд проф. Б.Вульффд амжилт хүсээд монголын урлаг, түүх, ёс заншлыг германы олон нийтэд сурталчлах, улмаар хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхитэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Соёлын элч Б.Вульфф энэхүү нэр хүндтэй үүргийг ирэх 5 жил үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болж байгаад чин сэтгэлээсээ баяртай байгаагаа илэрхийлээд Соёлын бусад элч нартай ойр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар ярив.

Холбоотой мэдээ