Үндсэн хууль батлалцсан ахмадууд сурагчдад хичээл заалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙҮндсэн хууль батлалцсан ахмадууд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Үндсэн хуулийн тухай мэдлэг олгох хичээл зааж, үндсэн хууль баталж байх үеийнхээ дурсамж яриаг дэлгэлээ.
Ардын Их Хурлын депутат Л.Төмөрбаатар, Ц.Төмөр-Очир, Ж.Шоовдор, Б.Дашпунцаг нар энэ уулзалтын үеэр сурагчдад Үндсэн хуулиа дээдэлж явах учиртайг сануулж, “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн Монгол Улсын Үндсэн хуулинд тусган баталсныг амьдралынхаа мөрдлөг болгож явахыг хүслээ.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн 18 аймгийг таван бүс болгон хувааж, Монголын нийт ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлснээс гадна Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцэж баталсан түүхтэй болохыг ахмад депутатууд хэлж байв.
БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн өдрийг өдгөө жил бүрийн 1 сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өвөрхангай аймагт үндсэн хууль батлалцсан 20 гаруй депутат байдаг байна.
Б.Батчимэг