Италийн “Лучиа ди Ламмермур” дуурь анх удаа Монголын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-14 14:58:17

УДБЭТ-ынхан урын сангаа Италийн нэрт хөгжмийн зохиолч Г.Доницеттийн “Лучиа ди Ламмермур” дууриар баяжууллаа.

Энэхүү дуурийг Монголд анх удаа 10 дугаар сарын 17, 18-нд тавьж нээлтээ хийх болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.

Уг дуурийн найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, зураачаар СТА Г.Ганбаатар ажиллаж байна. БНСУ-ын найруулагч Монгол Улсад 2 дахь дууриа найруулж буй бөгөөд өнгөрсөн тавдугаар сард “Травиата” дуурийг шинэчлэн найруулсан нь үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ.

Уг дуурийн гол дүрүүдэд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, Э.Амартүвшин, СТА Ч.Энхтайван, Р.Доржхорол, гоцлол дуучин Э.Гомбо-Очир, Б.Батжаргал,  Ж.Бямбажав, Г.Шижирболд, Б.Батжаргал, Д.Эрдэнэ-Очир, М.Даваадорж, дуучин Г.Саранчимэг, Д.Бат-Эрдэнэ,Г.Энхболд нар дуулах юм.

Гол дүр болох Лучиагийн дүрд Итали улсын дуурийн дуучин У.Уранцэцэг дуулахаар  хүрэлцэн иржээ. Тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн театруудад тэр бүр тавиад байдаггүй энэ дуурийг зориглон тавьж буй дуурийн театрын хамт олонд баяр хүргэе.Би Итали оронд хөгжмийн сургуульд суралцаж төгссөн, колоратурный сопран буюу нарийн, жиргээ, чимхлүүр хоолойтой учраас надад Г.Доницеттигийн дуурийг дуулахад маш эвтэйхэн байдаг. Миний дүр байлаа, тохироо нь бүрдсэн гэж хэлж болно” гэв.

Энэхүү дуурь нь сопрано хоолойтнуудын хүч, авъяасыг сорьдог хүнд аригаараа дэлхийд алдартай бүтээл юм. Эл эмгэнэлт дуурьд Шотландын зүүн өмнөд хэсэгт болж буй эрх мэдэл, хөрөнгө мөнгөний золиос болсон халуун амь, хайр сэтгэл, хар буруу санааны эргэн тойрны үйл явдлыг өгүүлнэ.

УДБЭТ дэлхийн шилдэг 10 дуурийн хөгжмийн зохиолчдын наймынх нь бүтээлийг тоглосон байсан бөгөөд Г.Доницетти ес дэх нь болж энэхүү дууриар урын сангаа баяжуулав. Мөн гадаад харилцаа хамтын ажиллагааныхаа хүрээнд уг дуурийг 11 дүгээр сард БНСУ-д очиж тоглохоор бэлтгэж байгаа аж.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ